“Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-16 11:40:07
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас /ГБХЗХГ/ Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өдөр” арга хэмжээг энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Энэ нь хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудыг танилцуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхдээ сонсох, санал санаачлагыг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх “Өсвөрийн сэргийлэгч”, Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Өсвөрийн эмч”, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх “Эко клуб”, Онцгой байдлын газрын дэргэдэх “Өсвөрийн аврагч”, ДЗМОУБ-ын Архангай Орон нутгийн хөгжийн хөтөлбөрийн “Хүүхдийн ОУБ”, ГБХЗХГ-ын дэргэдэх “Мэлмий” урлангийн 150 гаруй хүүхдүүд үйл ажиллагааныхаа танилцуулгыг иргэдэд хүргэлээ.

Мөн хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүд Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцах аялалыг зохион байгууллаа. Энэ өдөр хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажилласан байгууллага, онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын “Хүүхдийн төлөө”, “Шилдэг хүүхэд”, “Авъяас“ медалиар шагнаж урамшуулсан юм.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ