Оросын эсрэг хориг арга хэмжээнд Германы компаниудыг оролцуулахгүй байхыг хүсэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-19 15:47:36
МОСКВА. /ЛЕНТА/. Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээндээ Германы компаниудыг оролцуулахгүй байхыг тус улсын эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хүсэх бодолтой байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, Германы сангийн сайд Олаф Шольц Вашингтонд айлчлах үеэрээ энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Германы канцлер Ангела Меркель энэ сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөх төлөвтэй байгаа аж.  

Энэ асуудал нь Германы тодорхой хэдэн компаниудын тухай биш тус улсын бизнес эрхлэлтийн байдлыг бүхэлд нь хамарч байна хэмээн “The Wall Street Journal” сонинд онцлон тэмдэглэжээ. Томоохон бизнес эрхлэгчид Германы канцлер болон засгийн газарт шахалт үзүүлж байгаа аж.

Оросын эсрэг хориг арга хэмжээнд тус улсын компаниудтай  хамтран ажилладаг Германы Siemens, Daimler, Volkswagen зэрэг компаниуд багтжээ. Оросын түншүүдтэйгээ хамтран ажиллахад нь учирч буй саад бэрхшээлийн улмаас хэдэн зуун сая еврог алдана гэж Германы бизнес эрхлэгчид болгоомжилж байгаа аж.  

Оросын эсрэг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэдий ч өнгөрсөн онд Герман болон ОХУ-ын барааны эргэлт 54,5 тэрбум евро болтлоо өссөн нь 2016 оныхтой харьцуулахад 11 тэрбумаар илүү байжээ.
 
Э.Аянзаяа 



Холбоотой мэдээ