Хэрэглэгчдийнх нь мэдээлэлд нэвтрэх хүсэлтээс татгалзжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-09-08 15:00:25

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Google”, “Apple”, “Microsoft” зэрэг Америкийн технологийн компаниуд хэрэглэгчдийнх нь мэдээлэлд нэвтрэх тухай АНУ-ын Хуульзүйн яам болон Холбооны тагнан мөрдөх товчооны /ХТМТ/ хүсэлтэд удаа дараа татгалзжээ. Энэ тухай “New York Times” сонины цахим хувилбарт даваа гарагт гарсан нийтлэлд дурдсан байна.

Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, цахим үйлчилгээг нь ашигласан иргэдийн тухай мэдээллийг өгөхийг Америкийн эрх баригчид дээрх компаниуд болон бусад компаниас сүүлийн саруудад байнга шаардах болжээ. Журмын дагуу хэрэглэгчдийг мөрдөж шалгахтай холбоотойгоор ийм хүсэлт тавьсан аж.

Ийм тохиолдол хамгийн сүүлд 2015 оны зун гарсан байна.

“New York Times” сонины нийтлэлд онцлон тэмдэглэж буйгаар, “мансууруулах бодис болон зэвсэгтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахтай холбогдуулан сэжигтэн этгээдүүдийн “iPhone” ухаалаг утсаар солилцсон мэдээллийг өгөхийг “Apple” компаниас хүссэн захирамжийг АНУ-ын Хуульзүйн яам шүүхээр гаргуулжээ. Харин “Apple”-ийнхан “iMessage”-ээр мэдээлэл илгээх албанд шифрлэгдсэн мэдээлэл шаардлагатай учир “компани биелүүлэх боломжгүй” гэдэг хариу өгсөн байна.

“Apple” болон “Google” зэрэг технологийн компаниуд мэдээллийг шифрлэх аргыг улам бүр хэрэглэсэн тохиолдолд ийм маргаан зайлшгүй гарна гэж албан тушаалтнууд сарын турш анхааруулж байсан. Хууль сахиулах байгууллагуудад хуучин ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа зарим ажилтны мэдээлснээр, иймэрхүү хүсэлтүүдэд урьд нь удаа дараа татгалзсан хариу авсан бөгөөд ийм тохиолдолд “Apple” компанийг шүүхэд татахыг Хуульзүйн яам болон ХТМТ-ны төлөөлөгчид дэмжиж байсан" гэж тус сонинд онцлон дурджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд