Б.Хурц: Улс төрийн болон бусад зорилгоор Ц.Нямдорж С.Зоригийн хэрэгт нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-26 13:37:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЕГ-ын дарга Б.Хурц, Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь нар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ хэрэг сунжирч, удааширсан шалтгаан нь ХЗДХ-ийн сайдаар томилогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой  гэв.

Тодруулбал ТЕГ-ын дарга Б.Хурц “Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд ярьж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбогдуулж тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна. Сайд болохоороо энэ хүн шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Өөрөө биш ч хэн нэгнээр, өөр ямар нэгэн гишүүдээр хууль санаачлуулна, өргөн барина, энэ байгууллагын эрх мэдэл, бүх зүйл рүү халдаж эхэлдэг. Өөрөөр хууль зөрчдөг. Эрдэнэтийн асуудлаар Д.Дорлигжав 800 гаруй мянган ам.долларын асуудалд ороод, тэрийг энэ хүн сайд байхдаа бас хуулийн байгууллагад нөлөөлж, тэр хэрэг замхарсан. Дараа нь Алтангийн хэрэг байна. Бүхэл бүтэн байгууллагын материалыг аваачаад шатаачихсан, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргүүд байдаг. Тухайн үеийн Энхтөр хурандаа ярьж байсан. Өрөөндөө дуудаад дарамтлаад, энэ хэргийг хаа гээд байх юм гээд. Иймэрхүү жишээ олон гарч ирнэ. Ц.Нямдорж өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. С.Зоригийн хэрэг Эрдэнэтээс үүдэлтэй байх магадлал өндөр" гэв.

Тэрбээр цааш нь “Ц.Нямдорж гэдэг хүн ямар учиртай хүн бэ гэвэл Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай, бүлэглэл. Энэ бүлэглэл бас хүчтэй, мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай бүлэглэл. Энэ бүлэглэл одоо өөрсдөө Эрдэнэттэй холбоотой маш их бизнес,шахаа хийдэг. Надад ирсэн мэдээллээр, Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, III цахилгаан станцын захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая долларын бараа материал шахсан байдаг юм. Бүх баримт нь энэ байна. Доор нь Эрдэнэтийн гэрээнүүд байгаа. Энэ дээр санхүүгийн залилангийн юм харагдаад байгаа юм. Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй “Хан хуур”, “Хаанхуур” гэж компаниуд хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай. Тэгэхээр Ц.Нямдорж тэнд өөрчлөлт оруулах магадлал бас байгаа. Одоо шалгаж чадахгүй байгаа. Оффшорын асуудал ч гарч ирж байгаа. Ер нь би мөнгө угаасан хэрэг, манай цагдаа шалгах хэрэг мөн байна гээд сүүлийн гурван сар АТГ, прокурорт хандаад ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй байна. Өнөөдөр намайг ингэж мэдээлэл хийснээс хойш АТГ, прокурор хөдөлж эхлэх байх” гэлээ.



Дараа нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь "С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар товч тайлбарлахдаа "1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зориг бусдад алагдсан. Сүүлийн үед энэ хэргийн гүйцэтгэгчид холбогдох хэрэг шийдэгдсэнээс хойш хэвлэл мэдээллээр “зохиомол хэрэг байсан, гүтгэсэн” гэх мэтээр худал мэдээлэл их гарч байгаа учраас мэдээлэл өгч байна. Монгол Улс эрхзүйт төртэй. С.Зоригийн хэргийн гүйцэтгэгчид хангалттай нотлох баримтаар тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлсэн. Харин захиалагчийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс мэдээлэл дэлгэрэнгүй өгөх боломжгүй” гэсэн юм. 

Үүний дараа ТЕГ-ын дарга Б.Хурц сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.

-Ц.Нямдоржтой холбоотой “гадаадын тагнуул” гэсэн 42 хуудас материал ТЕГ-аас алдагдаж байсан гэдэг. Энэ үнэн үү?
-Ц.Нямдорж гэж хүний тагнуулын холбоотой асуудал гадны тусгай албатай холбоотой байсан уу үгүй гэдэг асуудал байсан. Үүнийг шалгасан. Энэ хэргийг одоо нууцлалын зэргээс гаргах боломжтой болсон. Гадны албадад мэдээлэл өгсөн зэрэг хэргээр нэвтрүүлэг баримтат кино хийж бусад албан хаагчдад сэрэмжлүүлэг болох хэрэгтэй гэж боддог. Тэр 42 хуудас материал тэр үед алдагдсан юм шиг байгаа юм. 

-С.Зоригийг хөнөөсөн хэрэг ийм олон жил удааширсан нь юутай холбоотой юм бэ?
-Энэ байна. /Ажлын хэсэг тараасан жагсаалтыг заав/

-ТЕГ-ын дарга нь ХЗДХ-ийн сайдын талаар ийм мэдээлэл хийж байгаа нь нийгмийг цочроож мэднэ?
-Хуулиа биелүүлнэ. Эрсдэл ямар ч байж болно. 

-Магадгүй таны албан тушаалын асуудал хөндөгдөх байх?
-Үгүй дээ. Би бол хаана ч ажилласан ажлаа хийгээд л явна. 

-Өндөр албан тушаалтай хоёр хүн бие биенээ тагнасан чагнасан хэргийн талаар тайлбар өгөөч?
-У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа өөрийнх нь амь насанд халдах гээд байх шиг байна гэсэн гомдлыг манайд ирүүлсэн. Бид шалгаад тодорхой хүн дагасан гэдгийг тогтоогоод цагдаа, АТГ-т өгсөн.

-Ц.Нямдорж С.Зоригийн хэрэгт нөлөөлж байна  гэж та хэллээ?
-ХЗДХ сайд бол өөрөө улс төрийн албан тушаал. Хэрэгт шууд нөлөөлж байгаа. Өөрөө том бизнестэй хүн.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ