“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцох Монголын багт Төрийн далбаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-05 12:45:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд болох “Дэлхийн ур чадвар” 44 дэх удаагийн тэмцээнд оролцох Монголын багт өнөөдөр ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар Төрийн далбаа гардуулав.

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн байна. Улмаар 2017 онд Бразил улсын Сан Пауло хотод болсон “Дэлхийн ур чадвар” тэмцээнд есөн мэргэжлээр оролцож, 50 орноос 42 дугаар байрт жагссан юм. Харин энэ онд болох 44 дэх удаагийн тэмцээнд 76 орны баг, нийт 50 мэргэжлээр өрсөлдөхөөр болсон. Монгол Улс мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан болон сантехник, тогооч гэсэн мэргэжлээр оролцох юм. Уг тэмцээнд оролцогчдыг дотоодын МСҮТ-үүдийн дунд гурван үе шаттай тэмцээн зохион байгуулж, тодруулсан юм. Тэмцээний гагнуурын төрөлд Техник технологийн дээд сургуулийн төгсөгч Ж.Жанлав-Ойдов, өрөг угсралтын төрөлд Барилгын политехникийн коллежийн оюутан Ц.Мягмарсүрэн, Сантехникийн төрөлд Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгч Ц.Долгормаа оролцох юм. Харин Техник технологийн дээд сургуулийн төгсөгч Н.Эрдэнэмөнх мужааны төрөлд, Налайх МСҮТ-ийн төгсөгч  Л.Төгөлдөр цахилгааны төрөлд, Хүнс, технологийн политехник коллежийн оюутан Б.Дагвасүрэн тогоочийн төрөлд оролцох аж.

“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцох болсноор мэргэжлийн боловсролын үнэ цэнийг өсгөх, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулахад томоохон түлхэц үзүүлж байгааг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг онцолсон юм.

Тэрбээр, “МСҮТ-ийг төгсөгчдийн 70 хувь нь шууд ажлын байртай болдог гэсэн судалгаа бий. Тиймээс мэргэжлийн боловсролын салбарыг сонирхогчдын тоо ч нэмэгдэж байна. Монгол улсад аж үйлдвэр, уул уурхай гээд олон салбар эрчимтэй хөгжиж байна. Эдгээр салбарын хөгжлийн хөдөлгүүр болсон мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь туйлын чухал юм” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ