С.Батболд: Өвлийн улиралд болзошгүй ослын үед шуурхай ажиллах баг бэлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-04 17:42:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД  С.Батболд  өнөөдөр дулааны сугам сүлжээний инженерийн хангамжийн байгууллагууд болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Дулааны IV цахилгаан станц 2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл ажлыг хангахад 10 бүлэг төлөвлөгөө гаргасан байна. Техник үйлчилгээ, засварын ажил 100 хувь хийж, нүүрсний нөөцлөх ажлаа төлөвлөгөөний дагуу явуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 124.1 мянган тонн нүүрс буюу 14 хоногийн нөөцтэй байгааг тус станцийн ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат танилцуулав.

Дулааны III цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэл ажил 94 хувьтай байгаа бөгөөд одоогоор 60 мянга 750 тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж. Мөн Дулааны II цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил 92 хувьтай байгаа аж.

“Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн хувьд өнгөрсөн сарын 09-нд өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь дуусгасан байна. Мөн айл өрх болон аж ахуйн нэгжүүдийн дулааныг бүрэн өгч дууссан гэдгийг тус компаний Шуурхай удирдлагын албаны дарга Батмөнх танилцууллаа.

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын бэлтгэл ажил ч мөн 100 хувь дууссан байна.

Энэ үеэр НЗД С.Батболд, “Байгууллагуудын бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан байна. Одоо өвлийн улиралд болзошгүй аваар ослын үед хэрхэн ажиллах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Бид улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар их болон урсгал засвар хийж байгаа ч Улаанбаатар хотын ерөнхий тоноглолууд нэлээд хуучирсан. Тиймээс бид болзошгүй аваар ослын үед шуурхай ажиллах багийг бэлдэнэ. Нийслэлийн Засаг даргын хувьд шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах техник, хүн хүч, санхүүгийн нөөцийг бэлэн байлгахад анхаарч ажиллах  болно” хэмээв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ