Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэх хуулийн төсөл боловсруулна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2017-07-19 13:08:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарыг хүлээн авч уулзан тусгай хамгаалалттай газар нутагт ариун цэврийн байгууламж, хогийн цэг байгуулах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Хөгнө тарнийн тусгай хамгаалалттай захиргааны газрын дарга Д.Эрдэнэчимэг, “Байгалийн цогцолборт газраар нэвтэрч байгаа иргэдээс авах хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Гэвч бидэнд орон нутгийн төсвөөс санхүүжилт бараг өгдөггүй. Манай захиргаа жилд 3 сая төгрөг л төсвөөс авдаг. Тиймээс байгалийн цогцолборт газраар нэвртэх хураамжийг нэмж, тусгай хамгаалалтын захиргаад тодорхой хувийг нь авдаг баймаар байна. Тэгвэл бид ариун цэврийн байгууламж, хогийн цэг барих санхүүжилттэй болно” гэлээ. Түүний саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар дэмжиж,  энэ асуудлыг тусгасан хуулийн төсөл боловсруулах болов.

Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамж өөр өөр байдаг. Тухайлбал, Хөгнө тарнийн тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхэд нэг хүнээс 300 төгрөг авдаг байна. Харин Хустайн нурууны байгалийн цогцолборт газрынхан гадны жуулчдаас 18 мянган төгрөг, дотоодын аялагчдаас 5000 төгрөгийн хураамж авдаг аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ