Гурвансайхан сумынхан жижиг дунд үйлдвэрийн парктай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-20 14:29:46
Дундговь/МОНЦАМЭ/ Гурвансайхан сумын дөрвөн бүсгүй бүлэг үүсгэж сумынхаа төвд оёдлын жижиг үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Гэрийн цагаан бүрээс, ор, хөнжлийн даавуу гээд ахуйн хэрэгцээний зүйлс оёж эхэлсэн гэж бүлгийн ахлагч н.Оюунчимэг ярьсан юм. Тэд үйлдвэрлэл явуулах байргүй гэж санаа зовохгүй, учир нь үйлдвэрлэлээ эрхлэхэд нь зориулж жижиг, дунд үйлдвэрийн парк баригдан ашиглалтад орсон байна. Бүсгүйчүүдийн оёдлын цех шиг ингэж хэд хэдэн төрлийн жижиг үйлдвэрлэл нэг дор төвлөрөн үйл ажиллагаа явуулах нөхцөл Гурвансайхан суманд бүрджээ.
Сумандаа жижиг, дунд үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл санаачлан иргэдэд ажлын нь байрыг ийнхүү бэлдсэн байна. Энд  мах, сүү цагаан идээ боловсруулах, оёдол эсгүүр, модон эдлэл, гутал, эсгий  эдлэлийн үйлдвэрлэл, үсчин гоо сайхан, угаалга цэвэрлэгээний үйлчилгээ гээд тус сумын үйлдвэрлэл, үйлчилгээ нэг дор байршин ажиллана.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн парк 150 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүний 50 сая төгрөгийг сумын мянгат малчдын үүсгэн байгуулсан “Мянгатын сан”- гаас зарцуулжээ.
Гурвансайхан сумынхан жижиг дунд үйлдвэрийн паркаа барьж босгоход өөрсдийн хүчийг дайчлан идэвхийлж, өнгөрсөн долоо хоногт дуусган ашиглалтад ийнхүү хүлээн аваад байна.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ