Тэсрэх бөмбөгийг "бүх тэсрэх бөмбөгийн эх" гэж нэрлэснийг Ромын пап шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-08 10:39:26
ВАТИКАН. /ВВС/. АНУ-ын арми Афганистанд хаясан хамгийн том цөмийн бус бөмбөгийг “бүх тэсрэх бөмбөгийн эх” гэж нэрлэсийг Ромын пап Францикс шүүмжиллээ.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Ватиканд оюутнуудад лекц уншихдаа “энэ тэсрэх бөмбөгийн нэрийг сонсоод би ихэд ичсэн. Эх хүн амьдрал бэлэглэдэг бол энэ бөмбөг үхэлд хүргэдэг. Ийм байхад бид энэ тэсрэх бөмбөгийг “эх” гэж нэрлээд байж болох уу?” гэж хэлжээ.

Өнгөрсөн сард АНУ Афганистан дахь “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн түшиц газарт “бүх  тэсрэх бөмбөгийн эх” гэх хамгийн том цөмийн бус бөмбөгөөр цохилт өгч, тус бүлэглэлийнхний ашигладаг байсан хонгилуудыг устгасан билээ.


Энэ бөмбөгийг албан ёсоор “GBU-43/B MOAB” гэж нэрлэдэг боловч “бүх тэсрэх бөмбөгийн эх” гэх нь түгээмэл байдаг юм.

2003 онд энэ бөмбөгийг анх туршсан бөгөөд Афганистанаас өөр газарт хаяж байгаагүй аж.

Энэ сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаасаа өмнө Ромын пап уг бөмбөгийн нэрийг ийнхүү шүүмжиллээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ