Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөхөд саад учруулахгүй байхыг СЕХ-ноос шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-05 16:24:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-аас өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх болсонтой холбоотойгоор СЕХ-нд шаардлага хүргүүлэв.

Тус намаас өчигдөр буюу энэ сарын 04-нд “Монголын бүх ард түмний Их хуралдай”, өнөөдөр намын Бага чуулганаа зохион байгуулж, Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх болжээ. 2016 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг өмнө хуулийн хариуцлага хүлээж, ял эдэлж байсан тул нэр дэвшүүлэхийг хориглосон. Сонгуулийн дараа Улсын дээд шүүхээс уг шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн юм. Энэ удаагийн сонгуулийн үеэр мөн Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзах магадлалтай тул СЕХ-нд шаардлага хүргүүлэх нь зөв гэж үзсэн хэмээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан хэллээ.
Шаардлагад, "Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг сонгуульд оролцоход нь хориг, саад учруулах аливаа үйлдлийг Үндсэн хууль, иргэд улсын тэргүүнээ сонгох эрхэд шууд халдсан үйлдэл гэж үзэх бөгөөд хууль бус үйлдлийг эсэргүүцэн тэмцэх болно. СЕХ нь ард түмний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах төрийн байгууллагын хувьд аль нэг нэр дэвшигч, улс төрийн хүчнээс ангид, шударгаар ажиллахыг шаардаж байна” гэжээ.

Уг шаардлагыг СЕХ-ны Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ хүлээж аваад, хуульд заасан хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв. Шаардлагыг гардуулахад Их хуралдайд оролцсон бүх иргэд оролцсон. ЦЕГ, НЗДТГ зэрэг холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүйгээр бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм. Тиймээс бүх нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч байхыг ЦЕГ-аас МАХН-д мэдэгдлээ. Шаардлага хүргүүлэх үйл ажиллагаа нь ямар нэгэн жагсаал, цуглаан биш бөгөөд иргэд эрхээ хамгаалах зорилгоор төрийн байгууллагад санал хүсэлтээ өгч буй энгийн үйлдэл хэмээн МАХН-ын удирдлагууд тайлбарлаж байлаа.

Дараагаар нь МАХН-ын удирдлагууд Төрийн ордонд ирж, Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газарт мөн шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад төсвийн тодотголд тусгасан долоон төрлийн татвар нэмэх асуудлыг цуцлах, оффшор бүст данстай хүмүүст хариуцлага тооцож, мөнгийг нь татах, түүнийгээ Монгол Улсын гадаад өрийг барагдуулахад зарцуулах зэргийг тусгажээ. Шаардлагыг биелүүлэхгүй бол МАХН орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх болно хэмээн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хэллээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ