Залуусыг цэрэг татлагад бүрэн хамрагдахыг уриаллаа

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 14:25:07

2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 12-21-ны өдрүүдэд явагдаж байна. Дархан сумын хувьд “Дархан-Өргөө” Политехник сургуулийн байранд “Цэрэг татлагын товчоо” ажиллаж залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж  эхэллээ.

Цэрэг татлагад 18-25 насны залууст харъяа багийн захиргаагаар нь дамжуулж зарлан дуудах хуудсыг бүрэн тараалгасан байна. Хэрэв зарлан дуудах хуудас аваад товчоогоор ороогүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авагдах хуулийн заалттай. Тиймээс залуусыг үүргээ ухамсарлаж хугацаандаа амжиж цэрэг татлагаар орохыг уриалж байна гэж аймгийн Цэргийн Штабын дарга, дэд хурандаа Ц.Энхтөр хэлэв. Дархан сумын хувьд үзлэгээр орсон залуусын дунд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах байдал хараахан гараагүй байна. Харин бусад сумдын үзүүлэлтээс харахад залуус мэс заслын улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх байдал их гарчээ.

Мөн чихний болон артерын даралт ихсэх өвчтэй залуус эрүүл мэндээр тэнцэхгүй хасагдсан тохиолдол цөөнгүй байсан аж. “Харин одоогоос гурван жилийн өмнөхтэй харьцуулахад жин хүрэхгүй гэсэн шалтгаан бараг гараагүй харин ч эсэргээрээ жингийн илүүдэлтэй залуус нэмэгдэх хандлагатай болсон байна” гэж Цэрэг татлагын товчооны ерөнхий эмч С.Энхжаргал ярилаа.

                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ