Агаарын навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжийг хувьчлахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-25 13:16:40

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцид манай улс нэгдэн орсон.  Иймд агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх үүргийг манай улс хүлээжээ. Тиймээс “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулахаар болж Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат асуудлыг өргөн мэдүүлсэн аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, "Иргэний агаарын тээвэр монголын ард түмний эрх ашгийг хангахгүй байна. Үүний дараа аялал жуулчлалын асуудлыг ярих гэж байна. Гэтэл агаарын тээврийн компаниуд ард түмнийхээ эсрэг ажиллаж, өндөр үнэтэй нислэг үйлдэж байгаа шүү. Та нар олон улсын байгууллагын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа бол төлөөлөгчийн газар нь ажилла" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Gгаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтцийг хувьчилна гэж хөөцөлдөөд байгаа хүн өнөөдөртөө байхгүй байх. Өмнө нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг яаж хангаж байсан гэсэн үг вэ. Монголчууд өнөөдөр өндөр үнэ төлж, бусад оронд хүрч байна. Ард иргэдийн халааснаас бага мөнгө гарна, хэрэглэгчийн эрх ашиг үүгээр дээдлэгдэнэ гэсэн асуудлыг ярих ёстой. Гэтэл эсрэгээрээ төр бүгдийг нь авна, Засгийн газар баталгаа гаргана гэхчлэн ирэх дөрвөн жилийн бодлоготойгоо уялдуулаагүй асуудал ярьж байна" гэв.

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, "Хямд үнэ чухал. Хямд үнээр агаарын тээврийн үндэсний компаниудыг нь дампуурдаг жишиг бий шүү. Манайх өргөн уудам нутагтай. Тиймээс энэ салбарыг онцгойлон хөгжүүлэх ёстой салбар тул бид хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй. Нисэхийн салбарт төрийн бодлого тусч, шахаж шаардаж явах ёстой. Гишүүдийн хэлсэн саналыг анхаараарай" гэв.

Хэлэлцэж буй асуудлтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 75 хувь нь дэмжлээ. Ингэснээр уг асуудлыг чуулганыг хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.

Б.Туул 

Холбоотой мэдээ