Трамптай хэн хэн гар нийлж ажиллах вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-11-14 14:49:34

ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-д суух элчин сайдаар мэргэжлийн дипломатчийг бус харин бизнес эрхлэгч хүнийг томилж магадгүй байгааг Вашингтонд ажилладаг нэртэй улстөрийн тоймч Жон Гиззи онцоллоо. Тэрбээр саяхан “Newsmax” гэдэг сүлжээний хэвлэлд “Трампын танхим ямар бүтэцтэй байх вэ?” гэсэн нийтлэл бичсэнийг тоймлон хүргэе.

Бизнесменүүдэд илүүтэй итгэл хүлээлгэдэг Трампын хувьд Москвад суух элчинг ажил хэрэгч хүмүүсийн дотроос олж сонгоно гэдэг нь зүй ёсны хэрэг билээ. Өмнө нь Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эцэг Жорж Буш Орост суух элчингээр бизнес эрхлэгч, хуульч Роберт Страуссыг томилж байсан билээ.

Ноён Жон Гиззи шинэ Ерөнхийлөгчийн бүрдүүлэх гэж буй багийн талаар бичихдээ “Трампын ойрын хүрээний эх сурвалжуудаас авсан мэдээлэлд” тулгуурлажээ. Түүний дүгнэснээр, Америкийн шинэ засаг захиргааны бүтцийг сүүлийн хэдэн сарын турш хэлэлцэж байгаа аж. Трампын хувьд БНН-аас сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч нартай хамтран ажиллаж байсан хүмүүсийг багтаа авах хүсэлгүй байгаа бололтой. Харин өөрийнх нь талд тууштай зогсч байсан, шинэлэг бөгөөд стандарт бус сэтгэлгээтэй хүмүүсийг л шилж сонгох болов уу. Жишээ дурдахад, дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хүнийг шилж сонгосон байдлыг харъя. Эхэндээ энэ тушаалд Огайо муж улсын захирагч Жон Кейсикийг санал болгож байжээ. Гэтэл Трамп түүнийг “жаахан тиймэрхүү хачин хүн” гэж тодорхойлсон тул энэ нэр дахин дурдагдсангүй.

Дашрамд дурдахад, өөртэй нь маргалдаж, мэтгэлцэж байдаг хүн Трампт таалагддаг гэнэ. Ийм хүмүүсийн нэг бол Нью-Йорк хотын дарга байсан Руди Жулиани аж. Тэрбээр АНУ-ын Хууль зүйн сайдаар томилогдож тун магадгүй байгаа юм.

Цагаан ордон

Шинэ засаг захиргааны гол гол албан тушаалуудад хэн хэн байхыг урьдчилан таамаглахыг оролдьё. Цагаан ордны ажлын албыг /тамгын газар/ удирдах хүнийг Сенатаар батлуулах шаардлагагүй бөгөөд энэ тушаалд Жаред Кушнер суух болов уу. Тэрбээр Трампын охин Иванкагийн нөхөр бөгөөд хадам эцгийнхээ сонгуулийн кампанит ажлыг удирдан явуулжээ.

Кушнер өөрийгөө Беларусийн партизаны ач хүү гэж ярьдаг ба түүний эмэг эх нь фашистуудын хорих лагериас амьд үлдэн, ах дүү Бельский нарын партизаны отрядад тулалдаж байхдаа ирээдүйн эр нөхөртэйгээ танилцжээ. Кушнерын хувьд Ардчилсан намд харьяалагддаг учир Цагаан ордон, Конгресс хоёрыг хооронд нь холбох байх гэж Гиззи үзэж байна.

Нөгөөтэйгүүр, Трамп хайртай хүргэндээ ямар нэгэн албан тушаал өгөлгүйгээр дэргэдээ ажиллуулж магадгүй юм. Бусад хувилбаруудыг дурдвал, Ерөнхийлөгчийн тамгын газрыг Трампын сонгуулийн кампанит ажлыг албан ёсоор удирдсан Стив Бэннон эсвэл Бүгд Найрамдах намын Үндэсний зөвлөлийн дарга Райнс Прибэс хоёрын аль нэг нь удирдах магадлал өндөр байна.

Хүчний байгууллагынхан

Гиззи-гийн үзэж байгаагаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөж буй гол хүн бол Конгрессын доод танхимын спикер асан Ньют Гингрич. Харин “нөөц хувилбар”-аар НҮБ-д АНУ-ыг төлөөлөн сууж байсан Жон Болтоны нэр сонсогдож байгаа бөгөөд тэрбээр “Иракийн талаарх стратегийн бодлогод шүүмжлэлтэй хандаж байсан” нь Трампт таалагдаж байжээ.

Харин Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад чөлөөнд гарсан хурандаа генерал Майкл Флинн “хэрвээ өөрөө хүсвэл” Пентагоныг удирдах боломж бий аж. Түүнээс гадна, энэ хүн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн туслах эсвэл ТТГ-ын захирлын албан тушаалд очиж магадгүй юм. Гэхдээ тэрбээр одоогоор “улстөрийн карантин”-д ороод байгаа гэж хэлж болно. Учир нь, Америкийн хуульд зааснаар, цэргийн мэргэжлийн хүн нь чөлөөнд гарснаасаа хойш 7 жилийн дараа Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хаших боломжтой байдаг ажээ. Гэхдээ бүгд найрамдахчууд Конгрессын хоёр танхимд олонх болсон учраас хуулийн иймэрхүү саад тотгорыг хөнгөхөөн давчих болов уу.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайдаар Алабама муж улсаас Сенатад сонгогдсон Жефф Сешнз-ийн нэр яригдаж байна. Энэ хүн бол Трампыг тууштай дэмжигчдийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр Сенатын гишүүн Жим Тэлент, Конгрессын гишүүн Дункан Хантер, бага Бушийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байсан Стив Хэдли нарын хамт Батлан хамгаалахын сайдад өрсөлдөж буй гол хүмүүсийн нэг болой.

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр Рик Гренелл-ийг томилж магадгүй гэж Гиззи үзэж байгаа аж. Гренеллийн хувьд НҮБ-д Болтоны орлогчоор ажиллаж байжээ.

Эдийн засаг, нийгмийн чиглэлийн яамдын томилгоо

Сонгуулийн кампанит ажилд зориулан хандив мөнгө цуглуулах ажлыг гардан зохион байгуулж байсан Стивен Мнучин-ыг АНУ-ын Сангийн сайдаар томилно гэж Трамп аль хэдийн амлачихсан бололтой. Түүнээс гадна энэ чухал албан тушаалд Уилбер Росс, Стив Форбс нарын зэрэг нэр хүндтэй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг томилохыг үгүйсгэхгүй.

Харин Худалдааны яамыг Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи толгойлох бололтой. Энэ хүн Трампын хувьд ажил эрхлэлт, худалдаа, эдийн засгийн асуудлууд дээр чухал түшиг тулгуур болох ёстой юм. Ганцхан асуудал үүсээд байгаа нь, тэрбээр муж улсын захирагчаар ажиллаж байхдаа улстөрийн дуулиан шуугианд холбогдож байсан нь тоогүй.  

Хөдөө аж ахуйн сайдаар Техас муж улсын захирагч асан Рик Перри томилогдох бололтой.  Тэрбээр тухайн үедээ Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр идэвхтэй хөөцөлдөж, Трампыг шүүмжилж байсан боловч төдий удалгүй байр сууриа өөрчилж, түүнийг дэмжих болсон юм. 

Сонгуулийн кампанит ажилд идэвхтэй оролцсон мэдрэлийн мэс засалч Бен Карсоныг Боловсролын сайдад “зүтгүүлж” магадгүй байгаа бол Нью-Йорк муж улсын дэд захирагч асан Бетси Маккохи Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн сайд болох нь бараг тодорхой болжээ.

АНУ-ын Дотоод хэргийн сайдын албан тушаалд 74 настай нефтийн магнат Форрест Лукас өрсөлдөж байгаа тухай "Политико" сонинд дурдсан байна. Түүний өрсөлдөгчид гэвэл Трампын хүү бага Дональд Трамп болон Аляска муж улсын захирагч асан Сара Пейлин нар юм.

Зөвлөхүүд ба туслахууд

Гиззи-гийн үзэж байгаагаар, Трампын хэвлэлийн нарийн бичгийн даргаар радиогийн хөтлөгч, консерватив үзлийг баримтлагч гэдгээрээ алдартай Лора Ингрэм томилогдож  магадгүй байна. Тэрбээр “бүр эхнээс нь Трампыг дэмжиж” байв.

Цагаан ордны хуулийн зөвлөхөөр Пентагоны ерөнхий байцаагчаар ажиллаж байсан Жозеф Шмитцийг томилж магадгүй. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр Трампын гадаад бодлогын зөвлөхүүдийн нэг байсан юм.

Эцэст нь дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийг Трампын татварын бодлогын зөвлөх Лоуренс Кудлоу удирдах бололтой. Тэрбээр АНУ-ын Холбооны нөөцийн банкны /Төвбанк/ захирлаар одоо ажиллаж буй Жанет Йеллений халааг авч магадгүй гэх яриа гараад байгаа боловч Төвбанкны Ерөнхийлөгчийг солих эрх мэдэл АНУ-ын Ерөнхийлөгчид байдаггүй аж.

Б.Адъяахүү    

 

 

Холбоотой мэдээ