Сансрын жуулчид Crew Dragon хөлгөөр ОУСС руу хөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-01-19 14:21:32

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 19 /SpaceX/. Олон удаа ашиглах зориулалтай Crew Dragon сансрын хөлгийг Олон улсын сансрын станц /ОУСС/ руу хөөргөсөн тухай хөлгийг зохион бүтээгч SpaceX компани мэдээллээ.  


Уг хөлгөөр "Axiom Space" арилжааны хөтөлбөрийн хүрээнд сансрын жуулчдыг ОУСС руу илгээж байгаа юм. Crew Dragon хөлгийг Флорида муж улсын Канавералын хошуун дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн 39b хөөргөх цогцолбороос Америкийн зүүн эргийн цагаар пүрэв гаргийн 16:49 цагт SpaceX-ийн Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөжээ.


Энэ удаагийн аяллын багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга, NASA-гийн сансрын нисгэгч асан Майкл Лопес-Алегриа, Италийн нисгэгч Уолтер Вилладей, хөтөлбөрийн швед мэргэжилтэн Маркус Вандт, Туркийн сансрын нисгэгч Алпер Гезеравжи нар багтжээ. А.Гезеравжи бол ОУСС руу ниссэн Туркийн түүхэн дэх анхны сансрын нисгэгч болж байгаа юм. 


Crew Dragon хөлөг АНУ-ын Зүүн эргийн цагаар баасан гаргийн 05:13 цагт ОУСС-тай залгагдана. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, Axiom -ын гурав дахь баг (Ax-3) ОУСС-д хоёр долоо хоног орчим хугацаанд байх бөгөөд энэ хугацаанд станцын одоогийн багийнхантай хамтран ажиллах бөгөөд шинжлэх ухааны 30 туршилт хийнэ.


Ax-1 буюу анхны арилжааны сансрын нислэгийг 2022 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэсэн юм. Нислэгийн багийнхан 10 хоног ажиллахаар төлөвлөсөн байсан боловч Флоридагийн эргийн ойролцоох буух бүсэд цаг агаарын байдал таагүй байсан тул дөрвөн сансрын нисгэгч ОУСС-д дахин долоо хоногийг өнгөрүүлж байв. Хоёр дахь нислэгийн багийг ОУСС руу 2022 оны тавдугаар сард илгээж байжээ.


Axiom-1 багийн гишүүн бүрийн нислэгийн зардал 55 сая доллар болж байна.


Цаашид SpaceX-тэй байгуулсан гэрээний дагуу Axiom Space хөтөлбөрийн хүрээнд сансрын жуулчид оролцсон нислэгийг жилд 2-3 удаа гүйцэтгэхээр төлөвлөжээ.




Холбоотой мэдээ