Шадар сайд С.Амарсайхан “Хималайн форум”-д оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Линжи хотод аравдугаар сарын 4-5-нд зохион байгуулагдсан "Хималайн форум” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо.
Тус чуулга уулзалтад Монгол, ИБНПУ, Балба, Чили, Афганистан, Мьянмар, Итали, Шри Ланк, Бутан, Кени зэрэг Гималайн уулс орчмын 10 гаруй улсын төлөөлөл оролцож, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарыг хамтран хөгжүүлэх тал дээр санал бодлоо хуваалцлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулга уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар ирэх 10 жилд эдийн засгаа төрөлжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцлон эдгээр салбарт хөрөнгө оруулалтыг татах, хүний нөөцийг хөгжүүлэхэд анхаарч байна. Бид бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг татах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цогц үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох үндсэн чиг үүрэг бүхий Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг байгуулан ажиллаж байна. Өнө эртний уламжлалт харилцаатай Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай хоёр оронд төдийгүй, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. Цаашид бид мөнхийн хөрш БНХАУ-тай эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хожих зарчмын дагуу тус тусын давуу тал, нөөц бололцоонд түшиглэн хоёр орны удирдагчдын байгуулсан олон чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгохын тулд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын уялдааг хангаж, хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна” хэмээгээд хуурай уур амьсгалтай, өндөр уулын эмзэг экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах, дасан зохицох ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг уриалсан юм.
"Хималайн форум" олон улсын хамтын ажиллагаа нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж бөгөөд энэ удаад "Хүн байгалийн зохицол, Гималайн уулс орчмын бүс нутгийнхны хамтын ажиллагааны ур дүнг хуваалцах нь" уриан дор зохион болов. Тус форум нь Төвөдийн өөртөө засах орны эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтын салбарт гаргасан ахиц дэвшил нь хүрэлцэн ирсэн зочдод тус улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, гадаад ертөнцөд нээлттэй байх түвшинг дээшлүүлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны асуудлууд, тэр дундаа улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Түүнчлэн цаашид дээрх төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, харилцан үр ашигтайгаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжих боломжуудын талаар өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мөн Исламын Бүгд Найрамдах Пакистан улсын Гадаад хэргийн сайд Жалил Аббас Жиланитай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн зун Пакистан Улсад их хэмжээний бороо орж, үер буусны улмаас олон эрдэнэт хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээд “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай хоёр улсын 60 жилийн түүхт дипломат харилцаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал одоогоор хэрэгжээгүй байна. Иймд ирэх шинэ жаранд Монгол, Пакистан Улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд амжилттай хэрэгжиж буй төслүүдийн нэг бол Пакистан-Хятадын эдийн засгийн коридорийн төсөл юм. Иймд Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Пакистан Улсаас оёмол, нэхмэл бүтээгдэхүүн, Монгол Улсаас ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байгаа гэдгийг илэрхийлэв.
Пакистан Улсын Гадаад хэргийн сайд Жалил Аббас Жилани Шадар сайд С.Амарсайхантай санал нэгтэй байгаагаа хэлээд, хоёр улсын хамтын ажиллагаагаа улам сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.