ӨВӨРХАНГАЙ: Аллиер муж, Өвөрхангай аймгийн хамтын ажиллагааг залуу үедээ түүчээлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-04 14:58:29

Арвайхээр /МОНЦАМЭ/. Франц Улсын Аллиер мужийн ИТХ-ын төлөөлөгч, Кристоф де Контонсон, гадаад харилцааны ажилтан Вероник Эрупэ, тус мужийн театрын захирал Фабрис Дюбюсэ нарын зочид Өвөрхангай аймагт ажиллаж байна.


2000 оноос эхлэн хамтын ажиллагаатай байж ирсэн Аллиер мужийн АПАУ нийгэмлэг өнгөрсөн хугацаанд манай аймгийн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажилласан бол энэ удаа соёл урлагийн салбарыг нэмж байгаагаараа онцлог юм.



Өнгөрөгч сард Франц Улсын Аллиер мужийн Ганна хотод зохиосон дэлхийн соёл, урлагийн 49 дэх удаагийн наадамд аймгийн Хөгжимт драмын театрын “Хөх домог” хамтлаг Монгол Улсаа төлөөлөн оролцож, соёлын биет бус өв, үндэсний язгуур урлагаа түгээн сурталчилсан юм. Цаашид энэ чиглэлээр хамтран ажиллаж, уран бүтээлчдийг авьяас чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэрчлэн хоёр талын хамтын ажиллагааг залуу үедээ түүчээлэх, цахим сүлжээг ашиглан хоёр талын хүүхэд, залуучуудын дунд найрсаг харилцааг бий болгох хүсэлтэй байгаагаа зочдын зүгээс хэлэв.


Мөн дугуйлан, клубийн багш нар, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, сэтгэл засалчдыг сургахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбар дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, шинэлэг арга барилд шилжих шаардлага байгааг хэлж байлаа.



Зочид, төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллах хугацаандаа Эрдэнэзуу, Хархорум музей, Ханхужирт, Хужирт рашаан сувилал, сүүн чихрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцон, аймгийн болон Арвайхээр сумын Засаг дарга, БОЭТ, ЕБС-иуд, Политехникийн коллеж, ХДТ-ын удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Холбоотой мэдээ