Өдөрт ирэх жуулчдын тоо 300-400-гаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-31 14:40:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай улсад 3739 жуулчин иржээ. Ирж буй жуулчдын 42 хувийг ОХУ, 18 хувийг БНСУ, 17 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна. Өдөрт ирж буй жуулчдын тоо дунждаар 3400-3700 болж 300-400-гаар нэмэгджээ.


Аялал жуулчлалын бусад мэдээллийг хүргэвэл, дотоодод энэ зун 883 мянга орчим хүн аялснаас монгол аялагчдын 5 хувь нь зүүн аймгуудаар, 7 хувь нь Өмнөговь аймаг, 48 хувь нь Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл гэсэн баруун аймгуудыг зорьсон байна. Баруун гурван аймаг нийт аялагчдын 11 хувийг хүлээж авсан байна.


Завхан аймагт гэхэд он гарснаас хойш дотоодын 20 мянга, гадаадын 12 мянга, нийт 32 мянга гаруй хүн жуулчилжээ. Жуулчид тус аймагт Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур, Мухартын гол, Сэнжид хад, Баяннуур, Бор харын элс, Буган чулуун хөшөө, Ямаан усны зэрэг хүннүгийн үеийн язгууртны дурсгалт газрыг ихэнхдээ сонирхон зочилжээ.


Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд нислэгийн тоог нэмэгдүүлжээ. Таиланд улсаас шууд нислэг үйлдэж буй бол БНСУ-аас өдөрт 5 онгоц нисэж байна. Энэ оны 8 дугаар сарыг дуустал нийт 80 нислэгийн зөвшөөрлийг нэмж аваад буйг БОАЖЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ