ДОРНОД: "Хэрлэнгийн баръяа" монгол ардын уртын дуучдын улсын уралдаанд 60 гаруй дуучин оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-03 14:42:14

Чойбалсан /МОНЦАМЭ/. "Хэрлэнгийн баръяа" монгол ардын уртын дуучдын улсын уралдаанд 60 гаруй уран бүтээлч оролцлоо. Уралдааны мэргэжлийн төрөлд 14, ардын авьяастан төрөлд 40 уран бүтээлч хоолойн цар, авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна. 


Мэргэжлийн төрөлд Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, Улаанбаатар хотоос оролцогч, дуучин О.Анхчимэг түрүүлж, удаах байрт Дорнод аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Д.Мягмар, гуравдугаар байрт ЦДБЭЧ-ын дуучин Б.Мягмардорж шалгарчээ. Харин "Ардын авьяастан" төрлийн тэргүүн байрт Улаанбаатар хот БЗД дэх "Унь" чуулгын дуучин Ц.Болормаа, дэд байрт Дорнод аймгийн Хэрлэн сумын ардын авьяастан Б.Цэрэнлхам, гуравдугаар байрт Увс аймгийн Хяргас сумын ардын авьяастан Б.Пүрэвтогтох нар шалгарсан юм.

Уралдааныг Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Увс, Дундговь, Баянхонгор аймаг, ӨМӨЗО-ы Шилийн голын Зүүн үзэмчин хошуу, Улаанбаатар чуулга, ЦДБЭЧ-ын мэргэжлийн дуулаачид болон сонирхогчид зорин иржээ. Шүүгчээр МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУАЖ А.Нэргүй, Хэл шинжлэлийн ухааны дотор А.Алимаа, уртын дуу судлаач Ж.Дорждагва нар ажилласан байна.    

Сэцэн хан аймгийн Халхын гол, Хар дэл, Хурх Биндэр аялгууны урын санг сэргээн тодруулах, өвлүүлэн дэлгэрүүлэх, уртын дуучдын ур чадварыг ахиулах, ахмад уртын дуучдын уламжлалт дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлан сурталчлах зорилгоор дээрх уралдааныг ийнхүү зохион байгуулсан юм.

"Хэрлэнгийн баръяа" уртын дууг Чингис хааны үед дуулж байсан бөгөөд алс холоос дүү нь ахыгаа санан мөрөөдөж зохиосон гэж судлаачид үздэг. Эртнээс дуулж ирсэн энэ дууг уртын дууч С.Дамчаа шавь, ардын жүжигчин Ч.Шархүүхэндээ зааж сургаснаар түмний дунд түгэн дэлгэрчээ.   

Холбоотой мэдээ