Судан дахь мөргөлдөөний бүсэд байсан манай улсын иргэд аюулгүй байршилд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Судан Улсын Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэн 4 дүгээр сарын 24-ний орой Улаанбаатарын цагаар 21 цагийн үед Порт Судан хотод хүрч очсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Зэвсэгт мөргөлдөөн болж буй Хартум хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан, нэг энхийг сахиулагч түгжигдсэн байсан юм. ГХЯ-наас дээрх иргэдийг татан авах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж, тэдэнтэй байнгын холбоотой байгаа тухай мэдээлж байв. Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 9 цаг буюу Улаанбаатарын цагаар 15 цагийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагджээ.
Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд тэдгээр иргэн ийнхүү аюулгүй байршилд очоод байгаа аж.