“5 МВт нарны цахилгаан станц, цэнэг хураагуурын систем”-ийг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-28 16:07:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц, Улиастай хотод 3.6 МВт.ц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг энэ сарын 26-нд ашиглалтад орууллаа.


Улиастай хотод суурилуулсан цэнэг хураагуурын систем нь Монгол Улсын Эрчим хүчний системд анх удаа ашиглагдах дэвшилтэт технологи бөгөөд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээс цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед тохируулга хийж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах нөхцөл боломж бүрдүүлж байгаа юм.


Түүнчлэн шинэ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулсантай холбогдуулан “Улиастай” 110/35/10кВ-ын дэд станц, “Алдархаан” 35/10 кВ-ын дэд станцын өргөтгөлийг гүйцэтгэж, нарны цахилгаан станцаас Алдархаан дэд станц хүртэл 7,6 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, нарны цахилгаан станц, цэнэг хураагуурыг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем”-д амжилттай холбожээ. Ингэснээр жилд дунджаар 10,2 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ. Цаашдаа 25 жилийн турш бүс нутгийн 8,329 өрхийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах төдийгүй 223,813 тонн нүүрс хүчлийн хий (CO2)-г ялгаруулалтаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна.



Төслийн хөрөнгө оруулалт 7,6 сая ам.доллар, үүнээс 5 сая ам.доллар буюу 66 орчим хувийг нь Японы ард түмнээс буцалтгүй тусламж болгон “Хамтарсан зээлийн механизмын Япон сан”-гаас олгожээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын JGC Corporation, NGK Insulators, Монгол Улсын М-Си-Эс Интернэйшнл ХХК хамтран ажиллаж, цар тахал болон хил гаалийн хорио цээрийн хүнд нөхцөлд ажилласныг Эрчим хүчний яам мэдээлэв.


Засгийн газраас бүс нутгийн цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг цэвэр эрчим хүчээр хангаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2019 оноос Япон Улсын Хамтарсан зээлийн механизмын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, менежментийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлжээ.



Холбоотой мэдээ