ЗАВХАН: Очирваанийн орны 9 гайхамшгийг заавал үзээрэй

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-09 21:42:13

Завхан/МОНЦАМЭ/. Амралт, аяллын улирал ирсэнтэй холбогдуулан Монголын баруун хязгаарт орших Завхан нутгаар аялах сонирхолтой, аяллаа аль эрт төлөвлөсөн иргэдэд зориулж, аяллын маршрутыг аймгийн БОАЖГ-аас гаргажээ. Тус аймгийн нутгаар аялахдаа та ямар замаар зорчиж, газар бүртээ ямар сонирхолтой газар нутгийг үзэх боломжтой вэ гэдгээ хараарай.

Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын тоо 74 мянга, засаг захиргааны 24 сум, 116 багтай. Аймгийн дүнгээр 1 км.квт 0.88 хүн ноогдож байгаа нь улс, баруун бүсийн дундажтай харьцуулахад сийрэг байна. 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Улаанбаатар хотоос 984 километр зайтай оршдог.

Тус аймагт байгалийн бүх бүслүүр оршдог, говь хангай, хээр тал хосолсон нутаг юм. Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Улаагчны Хар нуур, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газруудтай. Мөн аялагч, жуулчдад зориулсан амралтын газар, баазууд бий.

Отгонтэнгэрийг үзэнгээ Завханы урд

бүсээр аялж болно

Маршрут 1: Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (4021м) уул, Их Монголын элсэн манхан, тал хээрийн бүсийг багтаасан аяллын маршрут. Нийт туулах зам нь 650км. Улиастай хотоос Богдын гол Мөнгөт хясаа, Богдын голын хүрхрээ, Цагаан нуур, Даян уулын үдлэх цэгт амарна. Туулах зам 50км. Ингээд Даян уулаас Отгонтэнгэр уулыг харж, дэлхийд ховор, вансэмбэрүү цэцгийг үзэж болно. Долоогийн даваа, Ширээгийн голын үдлэх цэг, Хөндлөнгийн даваа, Отгон сум, Буянт багаар дайран Отгонтэнгэр уулын өвөрт ирнэ 160км.  Цагаан чулуут сумын Бурханы цогцолбор, Жавцаг баг Завхан голоор гаран Эрээн нуурт ирнэ. Нийт 150км. Эрээн нуур Завхан голын Далтын гарам, Ханийн худгийн хясаа, Ямаан усны үдэх цэг, Алдархаан сум, Улиастай хотод ирнэ. 140км зам туулж аялаарай.

Говь, хангайн байгалийн тогтцыг үзэж болно

Маршрут 2: -Энэ маршрут нь байгалийн өвөрмөц тогтоц бүхийн хангай, говь хосолсон тусгай сонирхлын аяллыг багтаасан маршрут. Нийт туулах зам нь 665км юм. Завхан аймгийн Улиастай хотоос эхэлнэ. Улиастай сумаас Их Монгол жуулчны бааз, Хатавчийн амны хүн чулуун хөшөө, Загастайн даваа, Идэр сумын төв Ногоон нуур дахь Маргад ембүү жуулчны баазад очно. Туулах зам 95 км. Ингээд Ногоон нуураас Идэр сумын төв, Тун, Жаргалангийн гол, Бөхөн шарын даваа Тэгшийн голын үдлэх цэг. Туулах зам 50км.

Тэгшийн голоос Баяжихын даваа, Хангайн нурууны Марз уул, Хожуулын рашаан сувиллын газар ирнэ. Туулах зам 80км. Хожуулын голоо уруудан байгалийн үзэсгэлэнт газраар аялж Тосонцэнгэл сумын Skyline зочид буудалд ирнэ. Туулах зам 80 км. Тосонцэнгэл сумаас Мэргэний давааны үдлэх цэг дээр бууж, цааш Долоон товгор, элсэн манхан, Ангирт нуурын хөвөөнд орших Замбага жуулчны баазад хүрнэ. Туулах зам 80км. Замбага жуулчны баазаас Нарийны даваа, Дахтын даваа, Тээлийн гол уруудан Хар нуур жуулчны баазад ирнэ. Мөн Улаагчны голын үдлэх цэг, Гол мод, Тээлийн гол уруудан Хар нуурт ирж болно. Туулах зам 120км. Хар нуураас Сэнжит цохио, Их, Бага Хатавчийн ам, Мухартын голын үдлэх цэгт очно. Туулах зам 50км. Мухартын голоос Сээрийн дөрөлжөөр давж, Донойн хөндий, Яруугийн хүрээг үзэн Улиастайд ирнэ. Туулах зам 110км.

Түүхийн дурсгалт газруудыг ч үзэж болно

Маршрут 3: Энэ маршрут нь Завхан аймгийн тал хээр, говийн бүс нутгийн өвөрмөц, тогтоцтой нутгаар аялах, нийт 350 км замыг туулах аяллын маршрут юм.

Улиастай хотоос Яруугийн хүрээ, Алагийн даваа, Ханын худаг, Их хайрхан үдлэх цэгт амарна. 80км. Их хайрхнаас Эрдэнэ- Хайрхан сумын Мухартын голын элсэн манхан үдлэх цэгт амарна. 100км. Мухартын голоос Сэнжит хадны үдлэх цэг, Бургастайгаар давж Хар нуур жуулчны баазад ирнэ. 50км. Энд Хар нуурын орчмын аяллын маршрутаар аялж болно. Хар нуураас Тээлийн гол, Намын давааны үдлэх цэг Дэнхэн чулуугаар дайран Улиастай хотод ирснээр нийт 120км-ийг туулна. Энэ маршрутын аяллаар явахдаа та зам зуурт байх буган чулуун хөшөө, түүхийн дурсгалт газруудыг ч үзэж болно. Танд амжилт хүсье. 

Завхан аймгийн 9 гайхамшгийг заавал очиж үзээрэй





Завхан аймгаар аялахдаа доорх зочид буудал, жуулчны баазуудад тухалж болно




Холбоотой мэдээ