Увс аймгийн Зүүнговь сумын сурагчдын дотуур байрны орчныг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-10 19:08:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Зүүнговь сумын ЕБС-ийн дотуур байр болон гал тогооны барилгад 706 сая төгрөгийн засвар хийх төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 


Уг төсөл нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ. Тус сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгын дээврээс ус алдаж, дотор, гадна ханын шавар болон эмульс халцарч, дулаан алддаг. Үүний улмаас дотуур байранд амьдардаг 194 сурагч болон 10 багш, ажилчны аюулгүй байдал, эрүүл ахуйд хүндрэл учруулж байна.  Дээрх засварыг хийснээр, тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжих боломж бүрдэнэ.




Ташрамд дурдахад, Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь тус хөтөлбөрийн 575 дахь, Увс аймагт хэрэгжих 29 дэх төсөл болж байгаа юм. 

Холбоотой мэдээ