Сүүлийн 24 цагт халдварын 2386 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн энджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-15 11:10:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11 553 сорьцод шинжилгээ хийснээс 2386 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. 


Эдгээрийн 1675 нь нийслэлд, 711 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Насны бүлгийн хувьд, 4 хүртэлх насны 118, 5-9 насны 201, 10-14 насны 198, 15-17 насны 101 буюу нийт 618 хүүхэд өнгөрсөн хоногт коронавирусээр халдварлажээ. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь сода, давсны уусмалаар угааж цэвэрлэх, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас эцэг эхчүүдэд анхааруулав.


Өнөөдрийн байдлаар, манай улсад “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 80733 боллоо. Мөн хугацаанд 797 хүн эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57 822 хүн эдгэрчээ. 

Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өнгөрсөн шөнө 50-59 насны 3, 60-69 насны 4, 70-79 насны 1, 80-аас дээш насны 1, нийт 11 хүн нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 380 хүн эндээд байна.


Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 9 346 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 62.3 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж.




Холбоотой мэдээ