Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖЯ-нд үүрэг чиглэл өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-30 14:59:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БОАЖЯ-ны ажил байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.


Тус яам Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч, судлаач нарт зориулсан 16 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Мөн 2016-2019 онд 3 000 гаруй га талбайд техникийн, 1500 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Түүний дотор байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр анх удаа Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийж байна. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 33 аж ахуйн нэгжийн 44 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. “Хоггүй цэвэр Монгол” аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх төхөөрөмжийг 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай зургаан газарт нийлүүлж, “Яндангаа хөөлье” аяныг эрчимжүүлж байгаа зэргийг яамны удирдлага танилцуулав.


Тус яам ирэх дөрвөн жилд:


-       УБ хотод агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах


-       Таваас доошгүй аймагт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах


-       Эко жорлон арга хэмжээг хэрэгжүүлэх


-       Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх


-       8,000 га талбайг нөхөн сэргээх


-       Ойн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх


-       Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг Улсын тусгай хамгаалалтад авах


-       Хөвсгөл нуурийн ёроолын бохирдлын эрсдэлийг бууруулах, хамгаалах


-       Жуулчдын тоог нэг саяд хүргэх зэрэг зорилт тавьжээ.



Цаашид Аялал жуулчлалын сан бий болгох, Ойн газар байгуулах, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн байгаль хамгаалахад зарцуулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгохыг Ерөнхий сайдаас хүслээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг яамны ажилтан, албан хаагчдад захилаа. Мөн:


- 30 гаруй мянган га талбайд хийх ёстой нөхөн сэргээх ажлыг үе шаттай эхлэх


- Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулах, хянахад чиглэсэн 21 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, ил тод, шуурхай үйлчлэх


- 1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд живсэн 50 орчим тээврийн хэрэгсэл, техникийг гарган авах, шаардлагатай бол бусад улс, олон улсын байгууллагатай хамтрах


- Туул голын бохирдлыг багасгахын тулд голын сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд,  Харгиа цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг цэгцлэх


- Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах, ус, хөрсний бохирдлыг бууруулахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ахалдаг Үндэсний хороо, төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулах


- Хог боловсруулах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, ард иргэд, хүүхэд залууст хог хаяхгүй байх дадал, хэвшил суулгах байнгын ухуулга, сурталчилгаа хийх


- Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих зэргийг үүрэг, чиглэл болголоо.

Холбоотой мэдээ