Агаарын цэргийн командлагчдын цахим хуралд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын цэргийн командлагчаар томилогдсон генерал К.Вилсбачийн санаачилгаар бүс нутгийн 21 орны Агаарын цэргийн командлагч нарын цахим хурал өнөөдөр болсон талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цахим хуралд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл болон АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албаны туслах атташе хошууч Маттью Смоллей оролцов.
Хурлаар цаг агаарын эрс тэс байдал, уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөллөөс гадна дэлхий нийтийг хамраад буй "COVID-19"-ийн цар тахлын эсрэг улс орнуудын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд Агаарын цэргийн үүрэг, оролцоо өндөр байгаа талаар хэлэлцэж, туршлага хуваалцлаа.
Тодруулбал, цахим хэлбэрээр 2 дахь удаагаа зохион байгуулж буй хурал нь “Цаг агаарын эрс тэс байдал Агаарын цэргийн үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэд нөлөөлөх нь” сэдвээр болж, оролцсон командлагч нар өөрсдийн орны цаг агаарын онцлог, сөрөг нөлөөлөл, түүнийг даван гарч буй талаар санал солилцов.
Хурлын төгсгөлд генерал К.Вилсбач Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарыг ирэх оны 9 дүгээр сард АНУ-ын Хавай мужид зохион байгуулах командлагч нарын их хуралд оролцохыг урьж, дараагийн цахим хурлыг энэ оны 12 дугаар сард товлож байгаагаа мэдэгдэв.