Нийтийн тээврийн цахим картыг хэвшүүлэхэд 400 шалгагч ажиллаж байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 17:28:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн хөлс төлж байгаа байдалд хяналт тавихын зэрэгцээ цахим картыг иргэдэд таниулж, хэрэглэж хэвшүүлэх талаар санамж мэдээллийг өгөхөд 400 гаруй шалгагч ажиллаж байна.


Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Сити баз Консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, зорчигчийн хөлс төлөх байдалд хяналт тавин, иргэдийг цахим картаар зорчиж хэвшүүлэх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил хамтран зохион байгуулсаар иржээ. Энэ удаад “Сити Баз консалтинг” ХХК-ийн энэ оны долоодугаар сарын ажлын тайлан мэдээг дүгнэвэл, нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд шалгагч нарын хяналт тавьсан мэдээгээр нийт 26 355 зорчигчийн зөрчил бүртгэжээ. Үүнээс картын 60, бэлэн мөнгөөр зорчсон 12 922, хөлс төлөөгүй 6 195, үлдэгдэл хүрэлцэхгүй 7 178 зөрчил бүртгэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн зөрчил 6 хувиар багассан үзүүлэлт гарчээ.


Зорчигчийн цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчиж хэвшүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн  үйлчилгээний газрын улсын байцаагч, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар хамтран зорчигч урсгал ихтэй 45 автобусны зогсоолд нэгдсэн хяналт, шалгалт явуулж байна.


Ташрамд дурдахад, нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, хувийн 17 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 975 автобус, троллейбус өдөрт дунджаар 500-600 мянган зорчигчид үйлчилж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт цэнэглэх 849 цэг ажилллаж байгаа ба нийт 1 сая 266 мянган энгийн буюу том хүний карт, 397 мянга 181 хүүхдийн картын борлуулжээ.

Холбоотой мэдээ