Засгийн газрын тухай хуулийг батлуулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-12 18:24:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжлээ. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй юм. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.


Хуулийг 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонх нь дэмжсэн билээ. 


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын багийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахлан ажиллаж байгаа юм. Ажлын баг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Түүнчлэн анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг санал хурааж дэмжив. Ингээд энэ талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.

Холбоотой мэдээ