Хөгжлийн банк, "Эрдэнэт" үйлдвэр ажлаа танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-17 08:52:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр эхэлсэн Засгийн газрын нээлттэй нээлттэй өдөрлөгт “Эрдэнэт” үйлдвэр болон Монгол Улсын Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрий өмчит ААН, компаниуд мөн оролцож үйл ажиллагаагаа танилцуулсан юм.


Г.Амартүвшин: Хөгжлийн банкны зээл олголт зогсоогүй

Энэ үеэр бид Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс үйл ажиллагааны талаар тодруулбал, “Та бүхэн мэдэж байгаа, манай банк иргэдэд үйлчилдэг бус, улс орны бодлогын шинж чанартай томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжүүлдэг. Өдөрлөгт бид Засгийн газрын харьяа байгууллага гэдгээр оролцож, үйл ажиллагаа танилцуулж байна” гэв. Тэрээр, “Хөгжлийн банк сүүлийн үед зээл өгөхгүй байгаа гэдэг ташаа мэдээлэл гараад байгаа. Бид зээл гаргаж байгаа. Манай банк нийт 2.7 их наяд төгрөгийн зээлийн багцтай байгаа” гэж сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.


Тус банкнаас олгосон зээлүүдийн талаар хэлэхдээ, “Өмнө нь баталж өгсөн зээлүүд болон зээл олголттой холбоотойгоор зарим хүмүүс албан тушаалаа ашигласан. Энэ талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга мэдэгдэл хийснийг та нар мэдэж байгаа. Хугацаа хэтэрсэн зээлүүдийг төлүүлэх талаар прокурор, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Төлөгдөхгүй байгаа болон хугацаа хэтэрсэн зарим зээлийг гаргахад оролцсон, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэдгээ Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдэгдсэн юм.


Шинэ зээлийн тухайд Хөгжлийн банк энэ сард багтаж зарлах 2020 оны ноос, ноолуурын хөтөлбөр дээр зээл олгох болон экспортыг дэмжих хөтөлбөр дээр ажиллаж байгаа гэв. Зээлийн шалгуурын өөрчлөлтийн талаар хэлэхдээ, “Манай банкны шууд олгох зээлийн доод хэмжээ 20 тэрбум төгрөг байгаа. Тэрнээс доошхи жижиг зээлийг бид судлахгүй, тийм зээлүүдийг холбогдох хөтөлбөрүүдийнх нь хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж байгаа” гэв.


Катодын зэс боловсруулах төсөл хэрэгжүүлнэ

Өдөрлөгийн үеэр бид мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирад П.Энхбатаас тус үйлдвэрийн үйл ажиллагааны талаар тодруулсан юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний 8 сард төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгааг тэрээр онцолж байв.  

“Манай үйлдвэр энэ оныг Хөрөнгө оруулалтын жил болгон зарлаж, үйлдвэрлэлд шаардлагатай техникийн шинэчлэлийг хөрөнгө оруулалтаар үе шаттай хэрэгжүүлж байна.




Жишээ нь, Баяжуулах үйлдвэрийн нунтагласан баяжуулах хэсэгт АНУ-д үйлдвэрлэсэн “Mill Max” насос болон инерт газаар ажиллах “WEMCO” маркийн флот машинууд бүхий шинэ шугам ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 2017-2030 хүртэлх 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг баталсан. Үүгээр тус үйлдвэр дээр:

  • Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах хийн металлургийн үйлдвэр,
  • Ил уурхайд шинэ технологи нэвтрүүлэх төсөл,
  • Катодын зэс боловсруулах үйлдвэр
  • Үйлдвэрийн нөөцийг шинэчлэн тогтоох гэсэн үндсэн 5 том төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ