Аймгийн төвийн авто замын эвдрэл, гэмтлийг засварлана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-05 11:01:48

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд аймгийн төв доторх авто замын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байгаа талаар иргэд ярьж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг аймгийн төвийн нийт 37 км хатуу хучилттай авто замын эвдрэлийг хэмжиж тогтоожээ. 

Энэ хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулах болон жолоочийн тав тухтай зорчих нөхцөл алдагдах байдлаас хамаарч нэн даруй засварлах шаардлагатай байгаа авто замын эвдрэлийг эрэмбэлэн замын чиглэл, байршил тус бүрээр гаргасан  аж.

Уг эвдрэл, гэмтэлд авто замын зорчих хэсэгт үүссэн засварлах шаардлагатай торон хагарал, нүхэн эвдрэл, суулт зэрэг орсон бөгөөд авто замын хялгасан цууралт, хашлага, явган замын эвдрэл, авто замын хэвтээ, босоо тэмдэг, бусад тоноглол ороогүй гэнэ. 

Аймгийн төв доторх авто замын зорчих хэсгийн эвдрэлийг талбайгаар нь тооцоход нийт  2261.67 мкв эвдрэл үүссэн нь тогтоогджээ. Үүнээс 1294.66 мкв талбай бүхий авто замын эвдрэл, гэмтлийг нэн даруй засварлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэв.

Тиймээс орон нутгийн төсвийн 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх замын эвдрэл, гэмтлийг хэрэгцээ шаардлагад үндэслэн засварлахаар албаныхан шийдвэрлэжээ. 


Холбоотой мэдээ