Америкийн тэрбумтан нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-05 14:06:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн тэрбумтан Кристофер Клайны сууж явсан нисдэг тэрэг пүрэв гарагт Багамын арлуудын ойролцоо осолджээ. “The Register-Herald” сонинд мэдээлснээр, Клайнаас гадна зургаан хүн амиа алдсан байна.


АНУ-ын Баруун Виржиниа муж улсад төвтэй дээрх сонинд мэдээлж буйгаар, энэ мэдээллийг тус муж улсын захирагч Жим Жастис нотолсон байна. 60 настай байсан Клайн мөн Баруун Виржиниад амьдардаг байжээ. Амиа алдсан бусад хүний хэн болохыг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд тэд АНУ-ын иргэд аж.


Нисэх онгоцны ослоор долоон хүн амиа алдсан гэж “Associated Press” урьд нь Багамын арлуудын Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилсан байна. Нисдэг тэрэг Флорида муж улсын Форт-Лодердейл хот руу ниссэнийхээ дараахан Атлантын далайд унажээ.


“Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, Клайны хөрөнгийн хэмжээ 1.8 тэрбум ам.доллар давжээ. Тэрбээр нүүрсний үйлдвэрлэлийн салбарт янз бүрийн жилүүдэд хэд хэдэн компани эзэмшиж байсан байна. Тухайлбал, 2015 онд тэрбээр “Foresight Energy” компанийн хувьцааны хяналтын багцыг 1.4 тэрбум ам.доллароор худалджээ. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Клайн 2017 онд Канадын Шинэ Шотланд мужид нүүрсний шинэ уурхай нээсэн байна.


Холбоотой мэдээ