Алдархаан сум сүлжмэлийн үйлдвэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-10 23:04:55

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Алдархаан сумын иргэн Х.Энхмандах өөрийн хөрөнгөөр сумын төвдөө сүлжмэлийн үйлдвэр байгуулжээ.

Тэрээр сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр оруулж ирэн ашигладаггүй байсан барилгыг сэргээн засварлаж шинэ ажлын байрыг бий болгоод байгаа ажээ. Сүүлийн таван сар гаруй хугацаанд үйлдвэрийнхээ байранд иж бүрэн засвар хийн тохижуулж, тоног төхөөрөмжөө суурилуулан Улаанбаатар хотоос сургагч багш авчран сургалт зохион байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн ажилтан болохоор 7 хүн үйлдвэрлэл, онол хосолсон сургалтад хамрагдаж байгаа аж.

Өөрийн гэсэн мэргэжилтэй ажиллах хүчийг бэлдэж дадлагажуулан өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлнэ. Цаашид үйлдвэрлэлээ тогтвортой ажиллуулж зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар судалгаа хийж байна. Мөн иргэдээс захиалга авч цорын ганц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өгөх боломжтой юм. Ер нь үйлдвэр маань сумандаа 6-10 хүнийг байнгын ажлын байраар хангах боломжтой бөгөөд ажиллах хүсэлтэй иргэдэд ажлын байр нээлттэй байгаа талаарх мэдээллийг сүлжмэлийн үйлдвэрээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ