Англи хэлний олимпиадын хоёрдугаар шатанд 490 оюутан, сурагч шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-04 22:11:34

Завхан/МОНЦАМЭ/. Завханд “Нарантуяа” сангаас зохион байгуулж буй "Англиар ярьцгаая" англи хэлний олимпиадын эхний шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөжээ. Англи хэлний олимпиадын эхний шатны шалгаруулалтад аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллеж, Политехникийн коллеж, Тосонцэнгэл дэх МСҮТ-ийн оюутнууд оролцсон байна. 

Ийнхүү эхний шатны шалгаруулалтад нийт 6792 оюутан, сурагчид оролцсоноос  хоёрдугаар шатанд 490 оюутан сурагч шалгарсан байна. Энэ сарын 9, 10-нд тус олимпиадын шилдгүүд шалгарах юм.

Англи хэл нь дэлхий нийтийн хэл англи хэл сурснаар дэлхийн боловсрол эзэмших боломжтой юм. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагсдын гадаад хэлний мэдлэгийг хөгжүүлэх, суралцах орчин нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нас сэтгэцийн онцлог, авьяас хүсэл, сонирхолдоо нийцүүлж мэргэжил, чадвараа дээшлүүлэх, гадаадын их, дээд сургуульд суралцах, өөрийн хүссэн мэдээллээ интернэт, цахим орчин ашиглан олж авах боломжийг олгох, урамшуулах зорилготойгоор энэхүү олимпиад ыг жил бүр зохион байгуулахаар болжээ. Олимпиадыг нийт суралцагсдын оролцоог жигд хангах зорилгоор ганцаарчилсан, ангиараа оролцох, англи хэлний мэргэжлийн багш нар гэсэн төрлүүдээр зохион байгуулжээ.

Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг төрөл тус бүрээр нэгээс гуравдугаар байрыг эзлүүлж, мөнгөн шагнал, батламж, үнэ бүхий зүйл, сангийн нэрэмжит тэтгэлэг олгох шагналуудаар урамшуулах ажээ. Мөн олимпиадын үеэр мэргэжлийн багш нар, оюутан суралцагсдад зориулж англи хэлний сургалт, гадаадад хэрхэн амжилттай суралцах талаарх төрөл бүрийн лекц сургалт, хэлэлцүүлгийг тус сангаас зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн Улиастай дахь ажлын албанаас мэдээлэв.

Ер нь ямар нэгэн сэдвийн олимпиадууд шалгаруулалт болоод өнгөрдөг. Харин энэ жилээс анх удаа бүх талын оролцоог ханган зохион байгуулж буй тус олимпиад нь шалгаруулалтын өмнө буюу дараа нь англи хэлний талаарх шинэ мэдлэг мэдээлэл өгсөн сургалтыг мэргэжлийн багш нараар дамжуулан олгож сонирхолтой лекцийг өгч буй нь онцлог юм. Түүнчлэн хүүхдүүдэд гадаад хэл сурахын ач холбогдол, гадаадад суралцах олон боломж буйг гадаад багшаас сонсгож байгаа нь, анги хамт олноор нь олимпиадад оруулж нэг төрөл нэмсэн нь ч таатай байна хэмээн олимпиадад оролцогч багш, сурагчид дуулгав. 

Холбоотой мэдээ