Химийн эрдэмтэд “Оюу толгой” компанийн ажилчдад сургалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-20 15:46:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн “Химийн хорт болон аюултай бодисын менежмент, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сургалтыг энэ сарын 17-20-нд зохион байгуулав. Хоёрдахь жилдээ болж буй тус сургалтад “Оюу толгой” компанийн 40 ажилчин хамрагджээ.


Гурван өдрийн сургалт явуулахдаа, химийн бодис худалдан авах, түүнтэй хэрхэн харьцах энгийн аргачлалаас эхлээд өөрийн компани дээр хэрэглэдэг тусгай химийн бодистой хэрхэн хэрэглэх, цаашлаад химийн бодис тээвэрлэх, хадгалах, тухайн бодисын сав баглаа боодол, хог хаягдлыг хэрхэх,  хууль эрхзүйн орчин гээд бүхий л шат дамжлагын түвшинд  цогц системтэй мэдээлэл өгчээ.


“Оюу толгой”  компанийн туслан гүйцэтгэгч “Хаанзаа сервис” компанийн ахлах ажилтан Э.Шижир, “Зөвхөн ахлах ажилтан ийм төрлийн сургалтад хамрагдах нь хангалттай биш. Энэ удаа бид нэлээд өргөн бүрэлдэхүүнээр ажилчдаа хамруулан сургаж байна. Гардан гүйцэтгэгч ажилчид өөрсдөө ийм цогц сургалтад сууснаар, мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдаас  мэдээлэл сонсоно гэдэг үнэхээр ач холбогдолтой. Үр дүнтэй сургалт боллоо гэж бид дүгнэж байна” гэв.   


ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн нь энэ чиглэлээр судалгаа явуулдаг улсын хэмжээний томоохон байгууллагын хувьд, химийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсад химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аюулгүй байдал, менежмент, зохистой хэрэглээг ард иргэд, аж ахуй нэгжид төлөвшүүлэх зорилгоор ажилладаг.


Энэхүү зорилгынхоо хүрээнд дээрх сургалтыг явуулдаг бөгөөд алт, мөнгөний дархчуудаас эхлээд байгаль орчны үнэлгээ хийдэг байгууллага гэхчлэн олон газраас сургалтын захиалга ирдэг байна. Тус хүрээлэн  дараагийн ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад сургалт явуулахаар захиалга өгчээ. 

Холбоотой мэдээ