Боловсролын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-04 16:41:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй байхаар заажээ. Уг хуулийг ирэх оны зургадугаар сараас дагаж мөрдөх юм. Гэвч дээрх хуулийн өөрчлөлтийг бусад хуультай уялдуулах зайлшгүй шаардлага үүсч байгааг Ж.Ганбаатар гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.


Тэрбээр, "Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа түүнтэй уялдуулан Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй хэмээн үзсэн. Энэ үүднээс Боловсролын тухай хуулийн төслийг 2020 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан" гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, Ё.Баатарбилэг гишүүн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар төсвөөс зардал гарах эсэхийг тодрууллаа. Хэрэгжих хугацааг хойшлуулснаар төсвөөс зардал гарахгүй бөгөөд БСШУСЯ-наас хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгийг Ц.Цогзолмаа сайд дурьдав.


УИХ-ын гишүүн Х.Баделхан Боловсролын тухай хуульд 2000 оноос хойш хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсныг тодруулахад, "Боловсролын тухай хуульд 24 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан. БСШУСЯ-наас боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа" гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө.


Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ