ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байхыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-27 13:20:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг энэ сарын 19-нд өргөн барьсан. Дээрх гишүүдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга болон Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны дарга нарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороо болон чуулганаар энэ 7 хоногт хэлэлцэнэ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байхыг шаардаж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг санал хураалтад оролцуулах нь шударга шийдвэр гарахад сөргөөр нөлөөлнө” гэлээ.

Мөн Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад гишүүдийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын албан ёсны мэдээлэлд тулгуурлан ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон гишүүдийг байнгын хороо болон чуулганы хуралдааны санал хураалтад оролцуулах эсэхийг шийдэх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ