НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Н.Мадуро хамгийн урт үг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-02 09:59:09

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы хүрээнд өндөр дээд хэмжээнд болсон улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хамгийн урт үг хэлжээ. Энэ тухай тус чуулганы дарга Мария Фернанда Эспиноса Гарсес мэдэгдсэн байна. 


Энэ жил болсон чуулганд хэлсэн хамгийн урт үг 48 минут үргэлжилсэн бол хамгийн богино нь 5 хүрэхгүй минут болжээ. Венесуэлийн ерөнхийлөгчийн үг хэлэх мөч хамгийн удаан үргэлжилсэн бол Литва улсын Ерөнхийлөгч үг хэлэхдээ хамгийн бага хугацааг зарцуулсан байна. Ингэснээр Мадуро өмнөх амжилтыг эвджээ. Тэрбээр Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббассаас 5 минут илүү хугацаанд үг хэлжээ. Төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ Мадуро өөрийг нь хөнөөхийг завдсан хэрэгт олон улсын мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг НҮБ-д уриалахын сацуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай гар барихад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Д.Трамп индэр дээр үг хэлэхдээ 41 минутыг зарцуулсан байна. Үг хэлэх хугацаагаа 15 минут болгож хязгаарлахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга чуулганд оролцогчдод зөвлөжээ.  

Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ