Элчин сайд Т.Төгсбилгүүн Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-04 19:38:43

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүхэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Угсаа залгамжлах Хунтайж Маха Важиралонгкорн-д 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ Бангкок хот дахь Хааны ордонд өргөн барив.

Элчин сайд ИЖБ-ээ барьсантай холбогдуулан Эрхэмсэг Хунтайжтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг Тайландын Угсаа залгамжлах Хунтайжид, түүгээр уламжлуулан Тайландын Цог жавхлант Хаан, Хатан хийгээд Хааны гэр бүлийн гишүүдэд хүргэж, Монгол Улс, Тайландын Вант Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхи, санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

Тайландын Угсаа залгамжлах Хунтайж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлж, сайн сайхныг хүссэн   хариу мэндчилгээ дэвшүүлэн Тайланд, Монголын ойр дотно, найрсаг харилцаа хамтын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж, олон салбарт бие биеэ дэмжин хамтран ажиллаж байгааг онцлон дурдаад Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн Монгол Улсад хоёр удаа айлчилж, түүний ивээл дор Монголын хөдөөгийн дунд сургуулиудад “Үдийн хоол” төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлэв.

Мөн Эрхэмсэг Хунтайж Тайландын Вант Улс, Монгол Улсын найрсаг харилцаа цаашид улам бэхжин хоёр орны төдийгүй бүс нутаг, улмаар дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, тогтвортой байдал хийгээд энхтайвныг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

関連ニュース