Өсвөр, залуу туялзуур сэлэмчид шилдгүүдээ шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-16 08:46:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Туялзуур сэлэмний спортын өсвөр, залуучуудын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар чуулгын байранд амжилттай болж аваргуудаа тодруулжээ.

Тав дахь удаагийн УАШТ-ий эхний өдөр өсвөрийн эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрлийн шилдгүүдийг тодруулахад, УБ Фенсинг клубын тамирчин М.Ялгуун аваргалж, тус клубын тамирчин Л.Азтулах мөнгө, Хангарьд клубын тамирчин Т.Тулуй, Багануур ХК, Уурхайчин клубын тамирчин Г.Сумъяабалдан нар тус тус хүрэл медалийн эзэд болов. М.Ялгуун, Л.Азтулах нар “Токио 2020” хамтын ажиллагааны хүрээнд Японы Аомори мужид хамтарсан бэлтгэлд хамрагдах эрхтэй болж батламжаа гардлаа.

Харин өсвөрийн эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд: Дуэль клуб, "Сор Кашмер" ХХК-ийн тамирчин Х.Энэрэл алт, Хангарьд клубын тамирчин Ч.Нандин-Эрдэнэ мөнгө, Г.Пүрэвжаргал, А.Дэлгэр / хоёул Фенсинг клубын тамирчид/ нар хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн өсвөрийн аваргаар шалгарсан Х.Энэрэл “Токио 2020” хамтын ажиллагааны хүрээнд Аомори мужид хамтарсан бэлтгэлд хамрагдах эрхтэй болов.

УАШТ-ий 2 дахь өдөр залуучуудын шилдгүүд тодруулахад, Уурхайчин клубын тамирчин У.Маргад-Эрдэнэ тэргүүлж алтан медаль хүртсэн бол Хангарьд клубын тамирчин Б.Амарболд мөнгө, Уурхайчин клубын тамирчин М.Мөнхтулга, Хангарьд клубын тамирчин А.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болов.

Алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдын шагналыг Монголын туялзуур сэлэмний холбоо/ МТСХ/-ны Ерөнхийлөгч Г.Дашням, МТСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадрахжаргал нар гардууллаа.

Д.Өлзий
関連ニュース