Ц.Очирхуяг: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 4 сая гаруй мод тарьж ургуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Очирхуягтай ярилцлаа.

-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймаг 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн.
Тарих үйл явц ямар түвшинд явж байна вэ?
-2022-2025 онд "Ногоон сэргэлт-Ногоон Төв аймаг" уриан дор 2022 оноос 4,331,362 мод, бут сөөг тарьж ургуулаад байна. Мөн 981,7 га талбайд ойжуулалт, ойг нөхөн сэргээх, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийсэн.
2022 онд 208.5 га талбайд 1.172.292 мод, 2023 онд 272.8 га талбайд 1.138.120 мод, 2024 онд 356.6 га талбайд 1.349.865 мод, 2025 оны хаврын улиралд 142.8 га талбайд 671.085 мод тус тус тарьсан байна.
-Мод тарьж ургуулахад хамгийн чухал нь тарьц, суулгац байдаг шүү дээ. Тарьц суулгацаа хаанаас авдаг вэ?
-2025 оны тооллогоор аймгийн хэмжээнд 13 сумын 28 мод үржүүлгийн аж ахуйн нэгж 75,822,596 тарьц суулгац үрээр болон мөчрөөр үрслүүлэн ургуулж байна.
Жил бүр аймгийн хэмжээнд үзэсгэлэн худалдааны үеэр Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг мод үржүүлгийн аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд оролцдог. Энэ үеэр Төв аймгийн хөрсөнд бойжуулсан орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөлд тэсвэртэй стандартын шаардлага хангасан тарьц суулгацыг танилцуулдаг. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр иргэд олон нийтэд хашаандаа мод тарьж ургуулах технологи зааварчилгааг тогтмол өгч байна.
-Мод тарилт, арчилгааны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх сургагч багшийг бэлтгэж байгаа юу?
-Төв аймагт мод тарьж, арчлан ургуулах 76 сургагч багш бэлтгэсэн. Эдгээр хүмүүс ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэд олон нийтийг мод тарих арчлан хамгаалахад сэдэлжүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, гадна талбайд мод тарих, цэцгийн мандал, зүлэгжүүлэх, шторк мэдээлэл түгээн уриалах, арчлан ургуулах чиглэлээр үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Нийт 53 сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж 1936 иргэн хамрагдаад байна.
-Мод тарьж, ургуулахад бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
-Ногоон байгууламж бий болгож буй хэсэгт малчид өөрсдөө малаа тууж оруулж байгаа нь модны ургалтыг бүрэн зогсоож байна. Хашаалсан газарт хүртэл хаалгыг нь онгойлгоод бэлчээсэн тохиолдлууд их тохиолдсон. Хаалгыг нь онгойлгоод оруулж байгааг нь болиулахаар цоож хийсэн ч эвдэж, сүйтгээд оруулсаар байгаа нь үнэхээр хүндрэлтэй байдаг. Мөн гал түймрийн аюул бол ногоон байгууламж, ойжуулалтын хамгийн том дайсан. 2025 онд аймгийн хэмжээнд нийт 7 суманд 13 ой, хээрийн түймэр бүртгэгдэж нийт 397,7 га талбай шатсан.
Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг аймгийн хэмжээнд 548 өрх, 834 иргэн, амралт, сувиллын газарт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэн, 700 гаруй QR кодтой хэвлэмэл материал тараан ажилласан юм.
Сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сумын цагдаатай хамтран 42 удаа хяналт шалгалт, 39 морин эргүүл ажллаж 3,540,800 төгрөг зарцуулаад байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ulaanbaatar