MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ДАРХАН-УУЛ: "Намрын ногоон өдрүүд-2025" үзэсгэлэн худалдаагаар 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-14 16:02:17

Дархан, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн түншлэл-Намрын ногоон өдрүүд-2025 нэгдсэн арга хэмжээ найман өдөр үргэлжилж өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн. Тус үзэсгэлэн, худалдаагаар Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын 90 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.


Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд оролцогчид сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал, даршилсан ногоо, утсан загас, дарс, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, эмийн ургамал, гар урлал, мод бутны суулгац, мод модон эдлэл, эсгий эдлэл зэрэг 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдсан байна.


Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн иргэдэд худалдаа, үйлчилгээ үзүүлж 262.950.000 төгрөгийн борлуулалт хийжээ.




Энэ удаагийн төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Орхон аймгийн хонины ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн Чулууны Долгормаа, үзэсгэлэнгийн нэрэмжит шагналаар Орхон сумын Орхон шимт ногоон хөрс хоршоо, Баянхонгор аймаг Тэргүүн богд хайрхан ХХК сүү, сүүн бүтээгдэхүүн цагаан идээ шалгарчээ.


Харин намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгийн нэрэмжит шагналаардархан-Уул Орхон сумын тариаланч Зулаагийн Батсүрэн Хонгор сумын хүнсний ногоо тариалагч, иргэн Даваасүрэнгийн Цэрэнмягмар нар шалгарчээ.


Ташрамд ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Дархан салбар танхим, ХХААГ, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулжээ.

関連ニュース