ЗАВХАН: Улс, бүсийн дундажтай харьцуулахад хүн ам сийрэг оршин суудаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-01 15:22:39

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ онд 21.7 мянган өрхийн 71.4 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеийнхээс хүн амын тоо 0.6 хувиар цөөрсөн байна.


Аймгийн дүнгээр 1 км.кв газар нутагт 0.9 хүн ноогдож байгаа нь улс, баруун бүсийн дундажтай харьцуулахад сийрэг байна.


Аймгийн хүн амын 49.8 хувь нь эрэгтэй, 50.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 31.1 хувь нь 15 хүртэлх насныхан, 58.9 хувь нь 16-59 насныхан байна. Хүн амын 10.0 хувь нь 60-аас дээш насны хүн ам байна. Аймгийн нийт хүн амын 22.5 хувь нь аймгийн төвд, 20.4 хувь нь сумын төвд, 57.1 хувь нь хөдөө оршин сууж байна.


“Хүн амын тоо” гэдэг нь тодорхой хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлнэ. Хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тооцдог. Суурин хүн ам гэдэг нь тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг хэлнэ. Бэлэн хүн ам гэдэг нь тооллого явуулж буй үед тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нийт хүн амыг \байнга болон түр хугацаагаар амьдарч байгаагаас үл хамаарч\ хэлдэг.

Бэлэн хүн амыг хүн ам, орон сууцны тооллогоор 10 жилд нэг удаа тодорхойлдог хэмээн Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

関連ニュース