ЗАВХАН: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад эмэгтэйчүүд хамтран бодлого боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-29 16:09:40

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймагт баруун болон хангайн бүсийн 11 аймгийн эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлт болон жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд бодлого боловсруулах, туршлагаа хуваалцжээ.


Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад шаардлагатай үндэсний чадавхыг төрийн байгууллагын болон нийгмийн хурээнд бэхжүүлэхээр 21 аймгийн нутгийн захиргааны байгууллага, ИТХ, иргэний нийгэм төрийн бус байгууллагуудын төлөллийг хамруулан хоёр жил тутамд бүсчилсэн сургалтыг хийдэг.


Энэ удаад Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" нэртэй төслийн дэмжлэгээр баруун болон хангайн бүсийн сургалтыг Улиастайд зохион байгууллаа.


Бүсийн сургалт нь жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бодлого боловсруулах. Орон нутгийн санаачилгуудыг дэмжих, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг мэдээллийг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.


Сургалтад 11 аймгийн ИТХ, ЗДТГ, жендэрийн салбар хороо, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Байгаль орчны газар, хамтарсан баг, түр хамгаалах байр, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын холбогдох албан хаагчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо. Сургалтад оролцогчид бүс нутгийн болон дэлхий дахины жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт хоорондын хамаарлын талаарх ойлголт мэдлэгээ нэмлээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, бодлого боловсруулах, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах, аймаг бүрийн сайн туршлага, ололт амжилтаас суралцлаа.


Завхан аймгийн тухайд ихэнх төрийн байгууллагууд нь эх, хүүхдийн амрах өрөөтэй төдийгүй шинэ хүүхэдтэй болсон, хүүхдийн төрсөн өдрөөр нь ажилтнууддаа чөлөө олгодог. Аймгийн Засаг даргаар ахлуулсан жендэрийн салбар хороо, 24 суманд жендэрийн дэд салбар зөвлөл, 27 төрийн байгууллага дэргэдээ жендэрийн салбар зөвлөлүүдийг байгуулсан.


Эдгээр жендэрийн салбар хороо, дэд зөвлөл, салбар зөвлөлүүдийг сум, аймгийн Засаг дарга, байгууллагын удирдлагууд нь ахалж, ажлын төлөвлөгөөтэй, жендэрийн тэгш эрхийн төлөө үйл ажиллагаа тогтмол явуулдаг сайн туршлагатай юм гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн мэдээлэв.


Бүсийн сургалтаар, Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөний өмнө тулгамдсан гол сорилтуудын нэг болох уур амьсгалын өөрчлөлт нь тэгш бус байдал, ялангуяа жендэрийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх хандлагатай байна.

Монгол улсын хувьд орон нутгийн иргэдийн амьжиргаа, орлого нь уур амьсгалд эмзэг мэдрэмтгий, байгалийн нөөц, цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байдаг тул уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэгд тооцогддог тухай мэдээлэв.


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий байдлын индексээр монгол улс  181 орноос 54-д жагсаж байна.

Энэ нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад тийм ч тааруу үзүүлэлт биш ч гэлээ сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын температур дунджаар 2.46°С-аар өссөн тооцоо байна. Нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн доройтол, усны хомсдол хурдацтай явагдаж байна хэмээн бүсийн сургалтаар мэдээлэв.


Судалгаагаар, хүүхэд, эмэгтэйчүүд, малчид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөх өндөр эрсдэлтэй байгааг бүсийн сургалтаар онцолж мэдээлэв. 

関連ニュース