БУЛГАН: Сувиллын яслийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа сувиллын яслийн шинэ барилга барьж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад хүлээн авлаа.
Тус барилгын бүтээн байгуулалтад 2.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Нээлтэд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Батжаргал, Сувиллын яслийн эрхлэгч Г.Мягмарсүрэн нар оролцож, ахмад ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн төлөөлөл, суралцагч хүүхдүүд хүрэлцэн ирсэн юм.
Анх 1957 онд байгуулагдсан яслийн барилга 1994 оноос Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяанд шилжиж, сувиллын яслийн үйл ажиллагааг явуулж иржээ. 67 жил ашигласан барилгыг шинэчилж, “Алтайн бумбат өргөө” ХХК гүйцэтгэгчээр ажиллан ашиглалтад оруулсан байна.
Хуучин байранд 2 бүлэгт 40 хүүхэд хамрагдаж байсан бол шинэ барилгыг ашиглалтад оруулснаар 3 бүлэгт 60 хүүхэд суралцах боломж бүрдэж, 4 шинэ ажлын байр нэмэгдээд байгаа ажээ.
Сувиллын яслийн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1-2 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол олгодгоороо онцлог юм.
Шинэ барилга ашиглалтад оруулснаар суралцагч бүрд чанартай боловсрол, тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой хэмээн аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.