ОРХОН: “Зэс фестиваль”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-15 14:18:01

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орхон аймаг, Эрдэнэт хотын онцлогийг таниулах, уул уурхайн салбарын хөгжил, хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд  “Зэс фестиваль”-ийг 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. 


Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Орхон аймаг орон нутгийн төдийгүй, Монгол Улсын нэрийн хуудас болох үйл ажиллагааг “Зэс фестиваль” гэж үзэж буй. 


Энэхүү үйл ажиллагаагаар Зэс боловсруулах үйлдвэрүүдээс гадна зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүнийг иргэд олон нийтэд сурталчилж, танилцуулдаг уламжлалтай.  


Орхон аймагт 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж бий. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит ихт” ХХК, “Гал сэнтий” ХХК, “Эрдмин” зэрэг компани бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд уламжлал ёсоор танилцуулах юм. 


Мөн есдүгээр сарын 18,19-нд дээрх уул уурхайн үйлдвэрүүдтэй танилцах аяллыг зохион байгуулна. А.Амарын талбайгаас 10:00 цагт үнэ төлбөргүй автобус иргэдэд үйлчлэх тул сонирхсон хүн бүхэнд нээлттэй. 


Энэ жилийн "Зэс фестиваль"-ийн нэг онцлог нь анх удаа гадаа дэлгэцээр Эрдэнэтийн хүүхэд залуучуудад кино үзүүлэхээс гадна есдүгээр сарын 19,20-нд “Ачит ихт” ХХК-иас Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнд 10:00-20:00 цагийн хооронд "Counter strike" тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнд ЕБС тус бүрээс 12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн нэг баг, их дээд сургууль тус бүрээс хоёр баг тус тус оролцох юм.


Түүнчлэн есдүгээр сарын 20-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 10:00-13:00 цагийн хооронд "Open mic" үйл ажиллагааг зохион байгуулах бол монгол зэсээр урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 19, 20-ны өдрүүдэд Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнд гарахаар төлөвлөжээ. Энэ үеэр хоол, худалдаа, үйлчилгээ  гарах тул иргэд  олон үндэстний хоолыг амтлах боломжтой. 


Мөн энэ жилийн "Зэс фэстиваль"-иар гавьяатуудын тоглолтыг Эрдэнэтийнхэнд толилуулна. Есдүгээр сарын 20-ны 17:00-20:00 цагт МУАЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай, Б.Батболд, С.Ганзориг, ерөөлч Сүхээ нарын тоглолт болох бол 20:20-24:00 цагт NENE,Toonot/OZ, ThunderZ, Jason, Rookie, Runaa/MC collection/, DJ set, BIG GEE зэрэг уран бүтээлчдийн тоглолттой.


Улаанбаатар хотоос “Leaf center” ХХК-иас цахилгаан авто машинаа танилцуулж, “Зэс фестиваль”-д энэ жил дахин оролцоно.


Цахилгаан авто машиныг бүтээхэд зэс 80 хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн багуудын Соёлын төвүүдэд урлаг соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Баянцагаан багийн соёлын төвд тата тунга, зэс урлан дуудлага худалдаа, Хэмнэл соёлын төвд урлагийн тоглолт, нийтийн бүжиг, Аялгуу соёлын төвд VR музей, Эгшиглэн соёлын төвд “Зэсээр урлая” бүтээлч уралдаан тус тус болох юм.








関連ニュース