ӨВӨРХАНГАЙ: Соёл урлагийн 27 байгууллагад 200 гаруй албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-13 12:57:44

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн соёл урлагийн байгууллагууд тэмдэглэлт өдрөө амжилт бүтээл дүүрэн угтлаа.


Энэ онд тус салбар өрнүүн их ажилтай байж, Олон улсын Ерөөлч, магтаалчдын анхдугаар наадам, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, аймгийн Хөгжимт драмын театрын 40 жилийн ой, Хархорин сум дахь Эрдэнэзуу музей байгуулагдсаны 60 жилийн ой зэргийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.


“Эрдэнэзуу” музей 2024 оны үйл ажиллагаагаараа аймгийн тэргүүний байгууллагаар шалгарч, Хөгжимт драмын театр улсад айргийн дөрөвт жагсаж, “Нүүдэлчин 2025” дэлхийн соёлын фестивальд гутгаар байр эзлэсэн зэрэг олон амжилтыг энэ жил гаргажээ.



Бүтээн байгуулалтын хувьд 2018 оноос хойш Бат-Өлзий, Гучин-Ус, Тарагт, Хужирт сум Соёлын төвийн шинэ барилгатай болж, Баруунбаян-Улаан, Төгрөг суманд Соёлын төвийн барилгын угсралтын ажил хийж байна.


Манай улс 1993 оноос “Соёлын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. 32 дахь жилдээ тохиож буй уг тэмдэглэлт өдрөөр аймгийн соёл урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчид баярын хурлаа хийж, тэргүүний хүмүүсээ алдаршуулан шагнаж урамшуулсан юм. Мөн биет болон биет бус соёлын өвийг өвлөн уламжлагчдын Голомт нутагтоглолтыг толилууллаа. 


Аймгийн хэмжээнд төрийн 22, төрийн бус таван байгууллага соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 200 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. 

関連ニュース