ГОВЬ-АЛТАЙ: Яруу найраг, өв соёлын дугуйлан үнэ төлбөргүй хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-11 12:48:10

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. ”Жангар” нийтийн номын сан хүүхэд багачуудад зориулан анх удаа “Яруу найраг”, “Өв соёл, зан заншил-Ерөөл магтаал”-ын дугуйлан хичээллүүлнэ. 


Хүүхэд багачуудыг утга уран зохиол, шүлэг найраг, өв соёл тээгч болох зан заншлаа эрхэмлэн дээдэлж суралцах, үе тэнгийн найз нөхдөдөө түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор энэ дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлэхээр болжээ. 


Дугуйлангийн багшаар МЗЭ-ийн гишүүн, МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Чардаг ажиллах бол өв соёл тээгч, МЗЭ-ийн гишүүн Х.Ивансан болон “Хантайшир” Утга зохиолын нэгдлийн яруу найрагчид зочин багшаар хичээлийг орно гэдгийг онцлон танилцуулав. 


Дугуйлан энэ сарын 22-ны өдрөөс эхлэн номын санд хичээллэх бөгөөд нэг анги 15 хүүхдээс бүрдүүлэх юм.

関連ニュース