ОРХОН: Оюут дэд станцыг ашиглалтад оруулснаар түгээх байгууллагуудын найдвартай байдал хангагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-04 16:39:29

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангайн бүсийн Эрдэнэт салбарт гэмтэл гарсны улмаас тус станцаас хангагддаг 8 аймаг, 143  суманд 9 дүгээр сарын 3-ны өдрийн 19:00 орчим цахилгаан тасалдал үүссэн. 


Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Орхон салбарын 40 бригад шуурхай ажиллаж, 220/110 кв-ын системийг 39 минутын дараа цахилгааныг сэргээсэн. Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний тус салбарын техник, шинэчлэлийг тогтмол хийдэг боловч тодорхойгүй шалтгаанаас дэлбэрэлт болж, Онцгой байдлын газрын албан хаагчид унтраасан юм. Цахилгаан тасарсантай холбоотой Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаа зогссон байсан ч эргэн сэргээсэн бөгөөд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


Цахилгаан тасарсан үеэр тус салбарын дарга Б.Гантулга, “Энэ зун Оюут дэд станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн. Үйлдвэрлэл, технологийн паркийн гадна байрлаж буй энэхүү дэд станц нь 2х200 мВт-ын трансформатор бүхий 220/110/35 кВт-ын хүчин чадалтай байх юм. Оюут дэд станц барьснаар Эрдэнэт хот болон үйлдвэрийн газрын цахилгаан хангамжуудыг найдвартай эх үүсвэрээр хангах, систем болон дэд станцуудын тоноглолын ачааллууд хөнгөлөгдөнө. Оюут дэд станц Хангайн бүсэд хоёр дахь дэд станц болж 50 жилийн дараа барьж байна. Орхон аймгийн 35 тойруу схем шугам барих холболтууд энэ станцтай холбогдоно. Цаашид Эгийн голын станцтай холбосноор төвийн эрчим хүчний систем найдвартай эх үүсвэртэй болно” гэж мэдээллээ.


Оюут дэд станц нь 35 кВт-ын цахилгаан дамжуулах бөгөөд тойрог сүлжээний цахилгаан станц ашиглалтад орсноор түгээх байгууллагуудын найдвартай байдал хангагдана.


Оюут дэд станцыг 2026 оны 10 дугаар ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. 

関連ニュース