В.Зеленский: АНУ-аас 100 тэрбум долларын зэвсэг худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-19 09:21:14

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 19 /DW/. Оросын талтай гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгосон тохиолдолд Украины тал Европын орнуудаас олгох мөнгөөр АНУ-аас 100 тэрбум долларын зэвсэг худалдан авна.


Өнгөрсөн шөнө Вашингтонд болсон АНУ, Украин ба Европын орнуудын удирдагчдын уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский ийм саналыг АНУ-ын Ерөнхийлөгчид тавьжээ. Энэ тухай Файнэншл Таймс сонинд нэгэн баримт бичгээс эш татан бичсэн байна.


Түүнчлэн Украины компаниудтай хамтран дрон үйлдвэрлэх 50 тэрбум долларын гэрээ байгуулах асуудлыг дээрх саналд тусгасан байна, гэхдээ гэрээний үнийн дүнгийн хэдэн хувь нь худалдан авалт, хэдэн хувь нь хөрөнгө оруулалт болохыг нарийвчлан заагаагүй ажээ.  


Гэрээний хүрээнд ямар төрлийн зэвсгийг АНУ-аас худалдан авах нь тодорхойгүй байгаа боловч агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” системийг хамгийн цөөндөө гэхэд 10 нэгжийг худалдан авах хүсэлтэй байгаагаа Украины тал тодорхой ойлгуулсан байна.  


Өнгөрсөн шөнө Цагаан ордонд болсон Д.Трамп, В.Зеленский болон Европын орнуудын удирдагчдын уулзалтын үеэр “АНУ-тай уялдуулан зохицуулсны үндсэн дээр Украинд аюулгүй байдлын баталгааг олгох” тухай асуудлыг хэлэлцжээ.  В.Зеленскийн ярьснаар, ойрын 7-10 хоногийн дотор Украинд олгох аюулгүй байдлын баталгааг томьёолж, цаасан дээр буулгаж бэлэн болгох бололтой. Уг баталгаа нь Украины армийг зэвсэглэх, холбоотнуудын хүлээх үүрэг, Украины цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ажээ. Гэхдээ баталгааны талаар тодорхой зүйлсийг, тухайлбал Украинд гадаадын цэргийг байрлуулах уу гэх мэт асуудлыг ярихад эрт байгааг тэрбээр хэллээ.


Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Трамп Оросын Ерөнхийлөгчтэй ярьсныхаа дараа Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ асуудлаар хоёр талтай тохиролцохыг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, тусгай элч С.Уиткофф нарт даалгасан байна. 

関連ニュース