Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 14 /Kyodo/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд наймдугаар сарын 23-наас эхлэн хоёр өдрийн айлчлал хийж, Ерөнхий сайд Шигэрү Ишибатай уулзана гэж Японы Засгийн газар лхагва гарагт мэдэгджээ.
Японд гэргийн хамт хүрэлцэх ирэх Ли Жэ Мёний хувьд зургаадугаар сард тангараг өргөснөөсөө хойш хөрш зэргэлдээ улсдаа хийж буй анхны айлчлал энэ болох юм. Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Японд айлчилсныхаа дараа АНУ-ыг зорьж, наймдугаар сарын 25-нд Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.
Ш.Ишиба,
Ли Жэ Мён нар хоёр талын
харилцааг тогтвортой хөгжүүлэх, Умард
Солонгосын зүгээс учирч буй аюул
заналхийллийг даван туулах чиглэлд
холбоотон АНУ-тай гурван талын
хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач
холбогдлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Либерал үзэлтэн Ли Жэ Мён дайны үе, газар нутгийн асуудалтай холбогдуулан Японы талаар өмнө нь хатуу
байр суурь баримталдаг байсан хэдий ч
Ерөнхийлөгч болсныхоо дараа прагматик хандлагын талаар илүүтэй ярих болжээ. Энэ жил хоёр орны дипломат харилцаа хэвийн болсны
60 жилийн ой тохиож байна.
Ш.Ишиба,
Ли Жэ Мён нар өмнө нь энэ оны зургаадугаар сард Канадад болсон “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний
уулзалтын үеэр уулзаж, харилцан айлчлал хэрэгжүүлэх замаар өндөр түвшний харилцаа холбоог сайжруулахаар тохиролцсон юм.
Японы Ерөнхий сайд асан Ёшихидэ Сүга өнгөрсөн сард Сөүл
хотноо Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийж, Ш.Ишиба түүнийг Японд хүлээн авч уулзах хүсэлтэй байгааг уламжилсан билээ.