ЕБС болон цэцэрлэгт 4400 гаруй багш, ажилтны сул орон тоо байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-06 14:13:25

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Жил бүрийн долоодугаар сард багшийн сул орон тооны мэдээллийг Бага, дунд боловсролын албан ёсны статистик /БДБ-19/ маягтаар нэгтгэн гаргажээ. 


Үүнд, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 3324 багшийн сул орон тоо үүсээд байгаагаас  нийслэлд 1590 байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн салбарт 1147 багш, ажилтны хэрэгцээ бүртгэгджээ. Үүнээс бүлгийн багш 339,  харин нийт сул орон тооны  685 нь нийслэлд байгаагаас  202 нь бүлгийн багшийн орон тоо байгаа ажээ. Энэ жил багш хөтөлбөрөөр 2877 оюутан бакалаврын зэрэгтэй төгсөж байна.Түүнчлэн 163 иргэн багшлах эрхийн сургалтад хамрагдаж, хөдөлмөрийн зах зээлд багш мэргэжлээр ажиллах боломжтой болжээ.


Багшийн сул орон тоог нөхөх ажлын хүрээнд: 

  • Шинэ төгсөгчдөд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх
  • Орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулахад нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах
  • Дээд боловсролтой иргэдийг багшлах эрхийн сургалтад хамруулах
  • Хүүхэд асарч байгаа болон өөр салбарт ажиллаж буй багш мэргэжилтэй иргэдийг гэрээт болон цагийн багшаар ажиллуулах
  • Багш мэргэжлээр суралцаж буй III, IV курсийн оюутнуудыг цалинтай дадлагаар ажиллуулах
  • Тэтгэвэрт гарсан багш нарыг хүсэлтийнх нь дагуу орон тоонд түр ажиллуулах
  • Удирдах албан тушаалтан мэргэжлийн чиглэлээр цагаар хичээл заах боломжийг бүрдүүлэх юм.

Эдгээр үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлснээр боловсролын байгууллагын хүний нөөцийн дутагдлыг багасгаж, боловсролын чанарыг тогтвортой хадгалах зорилготой юм.



 

関連ニュース